Ц.Туваан: Иргэн хүнд өвчтэй бол ЭМДС-гаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болно


2021-11-17 12:56:44

УИХ-ын гишүүн Ц.Туваан "ЭМД-ын сангаас сум болон өрхийн эрүүл мэндийн төвд олгох суурь санхүүжилт хоёр дахин өссөн, хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан" талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрүүл мэнд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиар эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр төрийн болон хувийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа.  2020.01.01-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах жорыг бүх  бүх эмийн сан олгодог болсон. Гэвч энэ нь сум болон өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн. Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх онд шийдэж өгөхөөр болсон.

Нэг иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр хоёр сая төгрөгөөр хязгаарлагддаг байсныг цуцалсан. Өөрөөр хэлбэл, иргэн хүнд өвчтэй бол Эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болно" гэв. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 оны эхний есөн сарын байдлаар

  • Эрүүл мэндийн  байгууллагад олгох тусламж үйлчилгээнд 634.9 тэрбум
  • Эмийн хөнгөлөлтөд 44 тэрбум
  • Элэг бүтэн монгол хөтөлбөрт 3 тэрбум
  • Covid-19-ийн тусламж үйлчилгээнд 204 тэрбум нийт 886.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн санхүүжилт олгожээ.

Үүнээс

  • Улсын эмнэлэгт 356 тэрбум
  • Хувийн эмнэлэгт 64.6 тэрбум
  • Сувилалд 8.2 тэрбум
  • Сумын эмнэлгүүдэд 4.4 тэрбум
  • Өрхийн эмнэлэгт 3.1 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжилт олгожээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү