Б.Бямбадорж: Эрт илрүүлгийн үзлэгээр 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн


2022-08-01 14:31:57

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийсэн. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байгааг онцолсон юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ, Монгол-Японы эмнэлэг, Амгалан амаржих газрууд болон 159 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн нийт 49 эмнэлэгт зохион байгуулан ажиллаж байна.

Эрт илрүүлэгт нийслэлийн нийт хүн амын 8.7 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тав хүртэлх насны хүүхдийн 25.2 хувь, 6-17 насны хүүхдүүдийн 44.8 хувь нь хамрагджээ. Илрүүлэг үзлэгт орсон 280 хүнээс хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Долоодугаар сарын 30-ны өдөр 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ.

Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаабогино /2.5 хоног/, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэйг санууллаа.

Нийслэлд тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүс хатгаагаар өвдөж буй ажээ. Харин эрчимт эмчилгээ хийлгэх хэмжээнд хүрч хүндрэх нь харьцангуй бага боловч халдвар томуу, томуу төст өвчинтэй зэрэгцэн гарч байгааг НЭМГ-ын дарга тодотгосон. Иргэд ӨЭМТ-ийг зорихоос илүүтэй шууд эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа аж.

Энэ нь ӨЭМТ-өөс эмчилгээний багц өгөхгүй байгаатай холбоотой юм. Түүнчлэн PCR шинжилгээ хамтын төлбөрийн хэлбэрт шилжиж тодорхой хувийг иргэн төлж байгаагаас шинжилгээнд хамрагдахдаа хойрго байгаа ажээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 10.6 хувьд халдвар батлагдаж буй юм.

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү