Л.Мөнхтүшиг: Япон явах иргэдийг богино хугацааны визээр нэвтрүүлэхгүй байгаа


2021-06-04 12:57:04

Монгол энэ сарын 1-нээс хилээ нээсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар зургадугаар сарын 1-нээс хил нээж байгаа тухай мэдээлсэн. Хил нээж буйтай холбоотой хоёр зүйлийг иргэдэд тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Монгол улсад ирэх гадаад улс дахь монгол иргэдийн хувьд ямар нэгэн нэмэлт шаардлагагүй энгийн горимоор тухайн сард зарлагдсан тийзээр эх орондоо ирэх боломжтой. Вакцинд заавал хамрагдах шаардлага тавихгүй байгаа. Вакцинд хамрагдаагүй иргэд ирээд долоо хоног тусгаарлагдана. Вакцины бүрэн тунд хамрагдсан болоод халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд мөн тусгаарлагдахгүй байх журам үйлчилж байгаа.

Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Тэр дундаа мутацилагдсан вирус орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа юм. Тухайн бүс нутгууд нь өмнөд Америк, өмнөд Африк, Энэтхэг зэрэг улс орноос ирж буй иргэд 14 хоног тусгаарлах асуудал ЭМЯ-ны түвшинд яригдаж байгаа. Мэдээж гадаадаас ирж байгаа иргэдийн эрсдэлийг бууруулах хяналтыг өндөр түвшинд тавих нь ойлгомжтой. Хэрэв Covid-19 вакцинд хамрагдаад 14-өөс дээш хонож байгаа бол иргэдийг гадаад, дотоодын гэж ялгалгүйгээр тусгаарлахгүйгээр холбогдох бичиг баримтыг үндэслэн оруулж байгаа.

ДЭМБ-ын зөвшөөрсөн аль ч үйлдвэрийн вакциныг хийлгэсэн ч Монгол Улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтад тулгуурлана.

Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтлэг жишиг бол гадаадын улс орноос ирэх иргэд ПСР шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байна. Заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэдэг хатуу шаардлага тавьж байгаа улс орон өнөөдрийн байдлаар байхгүй. Хэдийгээр Монгол Улс хилээ нээх шийдвэр гаргасан ч дэлхийн 110 гаруй улс орон хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан.

Бүрэн болон хэсэгчлэн хил хаах гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл, тухайн улс, бүс нутагт гадаадын иргэдэд богино хугацааны буюу аялал жуулчлалын, бизнесийн виз олголтыг зогсоосон байна гэж ойлгож болно. Харин эдгээр улс зөвхөн өөрийн орны иргэн эсвэл тухайн бүс нутагт байнга оршин суудаг визтэй хүмүүсийг оруулж байгаа гэсэн үг. Тэгэхлээр хил нээх асуудал нь хоёр улс болон бусад улстай тохиролцох асуудал юм.

Визтэй холбоотой асуудалд зарим зүйлийг хэлэхэд Монгол Улсын хил нээсэн хэдий ч виз олгохгүй байгаа орнууд байна. Мөн олгож байгаа улсууд ч бий. Өнөөдрийн байдлаар бидний хийсэн судалгаагаар дэлхийн 10 гаруй улстай одоогийн байдлаар  харилцаж хилээ нээсэн.

Монгол Улсын иргэд Турк улс руу 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой байна. Үүнээс гадна хэд хэдэн орон бий. Одоогоор АНУ, Грек, Тайланд, Индонез зэрэг тусгай нөхцөлтэй боловч хил нь нээлттэй монгол иргэд зорчих боломжтой орнууд 10 гаруй байгаа юм. Манай иргэд олноор хойд хөрш болон урд хөршид байнга зорчдог. Тиймээс хоёр хөрш оронтой вакцинжуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцээ хийж байгаа аж. Мөн ГХЯ-наас Монголын иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-тай бид яриа хэлэлцээ хийж байна.

Одоогийн байдлаар монгол иргэдийг цар тахлын өмнөх үе шиг аль болох чөлөөтэй зорчих боломжоор хангах хүрээнд Япон, БНСУ-д хэлэлцээ хийж байгаа. Цаашид дараагийн хүсэлт тавьсан улс орны элчин сайдуудтай уулзана. Элчин сайдын яам  тухайн улс орон бүрт ажиллаж байна. Дээрх дурдсан орнуудын ЭСЯ-тай холбогдож, уулзалт хэлэлцээг хийгээд явж байгаа. Япон улсын хувьд Монгол Улсыг эрсдэлтэй бүсэд оруулж зарласан гэдэг асуудал яригдсан. Ийм шийдвэр гарсан нь үнэн. Гэхдээ Монгол Улсыг эрсдэлтэй бүс нутаг гэж үзэж байгаа 159 улсын нэг болгосон. Монгол Улс эдгээр 150 гаруй орны нэг болоогүй жил гаруйн хугацааг өнгөрүүлж чадсан. Ингэж мэдээлсэн хэдий ч бодит байдал дээр Монгол Улсаас Япон явах иргэдийг богино хугацааны визээр нэвтрүүлэхгүй байгаа. Зөвхөн Япон улсад оршин суудаг монгол иргэдэд нэвтрэх эрх нээлттэй. Япон улсын засгийн газраас гаргасан энэ шийдвэр бол үндсндээ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэрэгжиж байсан шийдвэр. БНСУ-ын тухайд ч мөн ялгаагүй богино хугацааны визтэй хүмүүсийг бус байнгын оршин суух хаягтай хүмүүст агаарын хилээ нээгээд байгаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү