Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.12/ хамтарсан хуралдаан 10 цаг 34 минутад, ирвэл зохих 56 гишүүний 29 нь ирж 53.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.

Энэ талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр  танилцуулав.

Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй, өндөр хэлбэлзэлтэй байж, тодорхойгүй байдал нэмэгдсээр байна. Геополитикийн хурцадмал байдал түүхий эдийн үнийн хэлбэлзэл олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь манай улсын эдийн засаг, төсвийн орлогод нөлөөлж эхлээд байна. Ялангуяа гадаад зах зээл дэх үнийн өсөлт, нийлүүлэлтийн эрсдэл нь инфляц болон өрхийн хэрэглээний зардалд дарамт учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилтыг тэргүүн ээлжинд тавин ажиллаж байгааг Тэргүүн шадар сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн тэрбээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бага орлоготой өрхүүдэд илүү өндөр хувьтай буцаан олголт олгох шаталсан тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан. Уг зохицуулалт нь иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой байсан хэдий ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын эрсдэлийг харгалзан үзэх шаардлага үүссэнийг дурдлаа.

Иймд Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсвийн тогтвортой байдлыг харгалзан нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, одоогийн мөрдөж байгаа 20 хүртэл хувийн буцаан олголтын зохицуулалтыг хэвээр хадгалахаар энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Ингэснээр төсвийн орлогын тогтвортой байдлыг хамгаалах, инфляцын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, дунд хугацааны хөгжлийн санхүүжилтийн чадавхыг хадгалах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийн тодотголыг өргөн мэдүүлэх хугацаатай холбоотой хэт хатуу зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон нь бодлогын шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжийг хязгаарлаж байна. Иймд хугацааны хязгаарлалтаас төсвийн тодотголтой холбоотой зохицуулалтыг хасаж, эдийн засгийн бодит нөхцөлд нийцүүлэн төсвийн бодлогыг илүү уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгасан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдлаа.

Дээрх өөрчлөлтөөр эдийн засгийн гэнэтийн өөрчлөлтөд төсвийн бодлого шуурхай хариу үзүүлэх, орлого зарлагын тэнцвэрт байдалд үүссэн эрсдэлийг цаг тухайд нь зохицуулах, төсвийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Л.Соронзонболд, Р.Батболд, Н.Алтанхуяг, Х.Болормаа, М.Мандхай, М.Энхцэцэг, Б.Заяабал, Г.Очирбат, Д.Пүрэвдаваа, Ж.Батсуурь, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Л.Гантөмөр, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, гишүүн Л.Соронзонболд төсвийн төсөөлөлд Засгийн газрын 50-иас дээш хувийг эзэмшиж буй төрийн өмчийн компаниудын өрийг оруулж тооцвол дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг эзэлж буйг, гишүүн Р.Батболд нэмэгдсэн өртгийн албан татварын шатлалыг бууруулснаар хэдийн хэрийн төсөв хэмнэгдэхийг,  гурван сарын дотор төсвийн тодотгол  хийх боломжтой эсэхийг лавлаж байлаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд зөвхөн Засгийн газрын өрийн хэмжээ тусгагддаг хуулийн тусгай шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэмдэглээд төрийн өмчийн компаниудын  орлого, алдагдал, гадаад өр, зээлийн асуудал үүнд орохгүй хэмээв.

Мөн төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж буй нэмэгдсэн өртгийн албан татвар нь дөрвөн суурь орлого бүрдүүлдэг хэсгийн нэг. 2025 оны гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсний 2.8 их наяд төгрөг нь дотоод, 3.9 их наяд төгрөг нь импортын бараа, бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого эзэлсэн байна. Гадаад орчны өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тэнцэл -1.4 их наяд төгрөгт хүрсэн.

Хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээ 1 их наяд төгрөг байгаа тул 400 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөж чадахгүй. Улмаар дээрх хууль хэрэгжвэл 1.6-1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн өртгийн албан татвар багасна.

Төсөвт 2.2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт хийх орон зай үлдсэн тул үүнийгээ одоо үргэлжлүүлж буй төсөвт арга хэмжээг санхжүүжүүлнэ. Энэ нөхцөлд 2027 онд нэг ч төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болно гэдгийг Тэргүүн шадар сайд хариултдаа тодотгов.

Мөн гишүүн Х.Болормаа Монгол Улсын макро эдийн засгийн өөдрөг төсөөллөөс илүүтэй иргэдэд өдөр тутмын амьдралд нөлөөлж буй махны үнийн өсөлт хамгийн чухал асуудал болж байгааг онцлов. Цаашлаад газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор улс оронд хямрал эхэлсэн байхад төсвийн төсөөлөлд инфляцийг хэрхэн тооцож тусгасан талаар лавлав.

Инфляц өндөр гарч байгаа нь манай улсын суурь зардалд нөлөөлдөг газрын тосны бүтээгдэхүүн, бордоо зэрэг импортын барааны үнийн өсөлттэй холбоотой. Ирэх 6,7,8 дугаар сард инфляц хоёр оронтой тооноос дээш өндөр гарна. Үүн дотроо хүнсний инфляци өндөр гарах бөгөөд ялангуяа мах, ногоо, улаанбуудайн нөлөөлөл их байгаа. Гэвч дотооддоо зохицуулах боломж байна. Тухайлбал, бордоо, ургамал хамгаалах бодис, шатлах тослох материалыг бид өвөл үнэ нэмэгдээгүй үеийн үнээр хангалт хийж тариалалт явуулсан. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнд 20 доошгүй хувийн үнийн нөлөөлөл орж ирнэ, улмаар эмийн бүтээгдэхүүн, бусад хүнс, бараа бусад хүчин зүйлээс хамаарч төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Иймд уг зохицуулалттай холбоотой төслийг боловсруулсан хэмээн Тэргүүн шадар сайд хариулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлсэн гишүүд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш гурван сарын хугацаанд төсвийн тодотгол өргөн мэдүүлэхийг хориглосон заалтыг хасахыг дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газар гэнэтийн үнийн өсөлтийн эсрэг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарган ажиллуулах, улмаар үүнд чиглэсэн тодорхой төлөвлөгөө боловсруулж ард түмэнд танилцуулах, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж ажлын хэсэг байгуулж, гишүүд сайтар ажиллах талаар хөндөж, санал хэлж байлаа.

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд гишгүүн Р.Сэддорж танилцуулахаар тогтлоо.