Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн яамны мэдээллийг сонслоо. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш төслийн нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.долларын төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг ашиглаж, 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэлтэй байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Нийт авсан гадаад төслийн зээлийн 45 хувийг дэд бүтэц, 14 хувийг эрчим хүч, 16 хувийг эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт авч ашиглахаар гэрээ байгуулсан. Эдгээр эх үүсвэр нь эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын суурь хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан гэлээ.
Тэрбээр 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтэй зээл авах боломжтой болж, зээлийн нөхцөл өөрчлөгдөж байна гээд Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны жилийн эцсийн байдлаар 35.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 39.4 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ тогтмол буурч, богино болон дунд хугацааны төлбөрийн хуваарийг жигдлэн, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг тууштай мөрдөж байгааг олон улсын байгууллагууд онцгойлон авч үзэж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн гэж байлаа.
Өнөөдрийн байдлаар 2012 оноос эхлэн гэрээ, хэлэлцээр нь байгуулагдсан Улсын Их Хурлаар соёрхон баталсан 21.0 их наяд төгрөгийн нийт амлалтын дүн бүхий 74 төсөл хэрэгжиж байгаагаас 7.2 их наяд төгрөг буюу 34.3 хувийн санхүүжилтийг ашигласан, үлдсэн 13.8 их наяд төгрөг буюу 65.7 хувь нь ашиглагдаагүй байна. Мөн тус төслүүдийн 68.4 хувь буюу 52 төсөл хөнгөлөлттэй, 31.6 хувь буюу 22 төсөл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгааг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ дурдсан.
УИХ-лаас 2026 онд баталсан зээлийн ашиглалт болох 1.2 их наяд төгрөгийн ашиглалтад багтаан санхүүжүүлэх үүднээс төслүүдийг эрэмбэлж, хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг болон энэ онд хэрэгжиж дуусах төслүүдийг тэргүүн ээлжид санхүүжүүлэх зарчмыг баримталж байна. 2026 оны санхүүжилтийн 26 хувийг зам тээвэр, 22 хувийг Улаанбаатар хотын дэд бүтэц, 11 хувийг эрчим хүч, 7.0 хувийг эрүүл мэнд, 4.0 хувийг боловсролын салбарт зарцуулахаар байна. Энэ онд нийт 3.1 их наяд төгрөгийн 18 төсөл хэрэгжиж дуусах бол нийт 2.7 их наяд төгрөгийн 7 төсөл тэргүүлэх салбар, чиглэлд шинээр хэрэгжиж эхлэхээр гэрээ, хэлэлцээрийн шатанд байна. Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь ирэх гурван жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан, хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөг өсөх, хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаанд ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэлийг бий болж байгааг мэдээлэлд дурдсан байлаа.
Өнөөдрийн төсвийн хязгаарлалттай нөхцөл байдлаас шалтгаалж гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтийн гол хүндрэл болж байгааг сайд танилцуулгадаа онцолсон.
Нийт 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдлийн 38 хувь нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл байгаа юм. Хэрэв зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүйгээр энэ түвшин хэвээр үргэлжилбэл зарим төслийн хэрэгжилт дунджаар 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүснэ гэж байлаа.
Иймд УИХ, Засгийн газрын түвшинд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн тул Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байгааг дурдаад сорилтыг даван туулахын тулд төсвийн үр ашиг, шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцуулав.
Тодруулбал, төслүүдийг үр ашиг, ач холбогдлоор нь эрэмбэлж 2025-2026 онд нийт 327.9 тэрбум төгрөгийн зохицуулалтыг хийж, 42 төслийн хүрээнд 163 ажлыг хэсэгчлэн болон бүхлээр нь хойшлуулж эдийн засгийн үр өгөөжтэй бусад төслүүдийн санхүүжилтэд шилжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтийг удаашруулахгүй байх зохицуулалтыг хийсэн.
Түүнчлэн төсөл бүрд тусгайлан байгуулагдсан төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг тогтолцооны хувьд шилжилт хийж салбар бүрд нэгдсэн нэг төсөл хэрэгжүүлэх нэгжтэй болгож, 200 орчим орон тоог бууруулан нэгжийн урсгал зардлыг 39 хувь буюу 11.5 тэрбум төгрөгөөр бууруулан хэмнэлт хийсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд гадаад зээл, тусламжийн болон бусад эх үүсвэрийг нэгтгэх, их өгөгдөл хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, гадаад зээл, тусламжийн бүхий л үе шатыг олон нийтэд нээлттэй, ил тод болгох дэд системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, хүнээс хамааралтай техник процессын үйл ажиллагааг бууруулан цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна гэж байлаа.
Мөн цаашид шинээр авах гадаад зээлийн төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх бодлогын болон хууль зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатайг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон юм.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Б.Жавхлан, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэрэгжилтийн талаар тодруулахын зэрэгцээ үүнтэй холбоотой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн мэдүүлэхээр болсныг дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
