Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.03.25)-ийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, М.Мандхай, Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулж, 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүн Т.Мөнхсайхан танилцууллаа. Монгол Улсын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд бөгөөд энэ хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д суралцаж байна. ЕБС-д суралцагчдын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан шүдний өвчлөл бол амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл өндөр, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа юм. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь буюу 33689 нь сургуулийн орчинд өртжээ. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт 55.3 хувь буюу 18620 тохиолдлоор уналт, хоёрдугаарт 18.3 хувь буюу 6149 тохиолдлоор амьгүй механик хүчинд өртөх, гуравдугаарт 14.1 хувь буюу 4735 тохиолдлоор амьтай механик хүчинд өртөх, дөрөвдүгээрт 9.1 хувь буюу 3062 тохиолдлоор хүчирхийлэл орж байна. Харин сургуулийн орчны осол гэмтлийн тэргүүлэх шалтгаануудад зам тээврийн осол, амиа хорлох болон хүчирхийлэл эрэмбэлэгджээ.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд хийсэн судалгаанд ЕБС-ийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй автозамтай ойр, 76 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утасны эрсдэлтэй, 73 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй байна. Мөн ЕБС, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа будаг, бусад материалаас ялгардаг формальдегидийн хэмжээ зохих түвшингээс 2-3 дахин, бензол 3.5 дахин их, хар тугалга 2-5 дахин, хром 2.3 дахин хэтэрсэн байгааг орчны судалгаагаар тогтоосон байна. Эдгээр бодис хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, астма, бронхит зэрэг амьсгалын замын архаг өвчин ихсэх эрсдэл дагуулж буй юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээ байх ёстойгоосоо 8-9 дахин их байгаа нь сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцаж байгааг илтгэн харуулж буй үзүүлэлт гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт анхаарал татах түвшинд хүрээд байгаа ч өнөө хэр тодорхой зохицуулалтгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, мөн цахим орчин дахь дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Гэмтсэн, бэртсэн, нас барсныг тоон дүнгээр илэрхийлж болох боловч хүүхдийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрийг тэр бүр илэрүүлж, хэмжиж, арга хэмжээ авч чадахгүй байгааг гишүүн Т.Мөнхсайхан онцоллоо. Иймд ЕБС-ийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн үндэслэл бий болгох шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд дээрх харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн ялгаварлан гадуурхахгүй, тэгш, хүмүүнлэг, нууцлалыг хангаж, суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн нэгдсэн бодлого, түүний төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ, эрт илрүүлэлт, яаралтай тусламжийн бэлэн байдал болон бусад арга хэлбэрээр суралцагч, багш, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах, үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаталсан тогтолцоогоор сургуулийн орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чадвар олгох, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх дэмжлэг үзүүлэх, орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Зулпхар, хүүхдийн хөгжил, хамгааллын тухай хууль, тогтоомжтой хэрхэн нийцүүлсэн, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэн хангах, хариу арга хэмжээтэйи холбоотойгоор хамтарсан баг яаж ажиллах, дээрэлхэлтийг хэрхэн шийдвэрлэх зэрэг нарийвчилсан асуулт тавьж, хариулт авсан юм. Мөн хууль батлагдсантай холбогдон гарах зардлыг тооцсон эсэх, тухайлбал, эрүүл мэндийн жил бүрийн үзлэг, оношлогооны зардлыг хэрхэн санхүүжүүлэх талаар асуусан бол гишүүн Д.Ганмаа хуулийн төсөлд бие даасан шинэ харилцаа агуулаагүй байгааг шүүмжилж, урт хугацаанд хүн амын түвшний үр нөлөөг илэрхийлэх тооцоо судалгааг үндэслэн хязгаарлагдмал хүрээнд хэрэгжих хуулийн төслийн үр дүнг тооцох боломжгүй байгааг дурдан, зардал, өгөөжийн харьцаа зэрэг тодорхой тооцооллуудын талаар асууж, хариулт авав. Сургуулийн орчны, уул уурхайн, үйлдвэрийн гэх мэтээр хуулийн хэсэглэн жижиглэх нь оновчгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж, нийтийн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь хийдэл, давхардалгүй зохицуулах нь зүйтэй гэсэн байр суурь хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл хуулийн нэр, томьёоллыг жигдлэх, ЕБС-ийн сурагчдын хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын зохицуулалтыг илүү тодорхой, нарийвчлалтай тусгах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Мөн тэрбээр утаа угаар, тоосжилтын шаардлага тавьчихаар гэр хороололд сургууль барих боломжгүй болчих эрсдэл бий эсэхийг тодорхой судалж, тусгах шаардлагатай гэв. УИХ-ын гишүүн О.Саранчулуун сургуулийн дотуур байрны орчны харилцааг судалгаа, тооцоонд үндэслэн тусгах шаардлагатайг зөвлөж, хүүхэд хамгааллын одоо байгаа бүтцийг хэрхэн уялдуулсан болон холбогдох хууль тогтоомжид тусгагдсан зохицуулалтууд хэрэгжихгүй байгаа шалтгааны талаар тодруулж асуув. Мөн гишүүн Д.Бум-Очир сургуулийн орчмын үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал АНУ-ын зарим муж, Япон, БНСУ, Филиппин улсуудын жишгээр бие даасан хуулиар зохицуулах шаардлагатай эсэхийг тодруулсан бол гишүүн Ж.Галбадрах сургуулийн норм нормативыг хангах, анги дүүргэлтийн хэмжээ, хязгаарыг баримтлах, сургуулийн барилгын стандарт, агааржуулалт, дуу чимээ зэрэг стандарт шаардлагыг хангах нь сургуулийн эрүүл ахуй, аюулгүй байдлын үндэс суурь болохыг хэлж, төсөв, зардлын үр дагаварын сайтар тооцох учиртайг анхааруулав.

Байнгын хорооны дарга Б.Найдалаа хуулийн төсөлд Боловсролын яамнаас ямар санал өгснийг асууж, сургуулийн захиралд эрүүл мэндийн асуудлууүдыг үндсэн ажил үүрэг дээр нь нэмж хариуцуулах нь оновчтой эсэх, сургуулийн төсөв зардал хүрэлцэхгүй байхад нэмж хөрөнгө мөнгө шаардсан хариуцлага үүрүүлэх боломжтой эсэхийг магадлаж, гишүүн Т.Мөнхсайхан болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авлаа.

Энэ харилцааг зохицуулсан бие даасан хууль батлахын давуу тал, зайлшгүй шаардлагын талаар гишүүн М.Ганхүлэг тодруулж, дархлаажуулалт, идэвхтэй хөдөлгөөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хуульд түлхүү тусгах нь зүйтэй гэв. Мөн тэрбээр ЕБС-аас бусад сургалтын байгууллагуудад энэ харилцааг хэрхэн зохицуулах, хуулийн хэрэгжилтэд эцэг эх, аж ахуйн нэгжүүдийн оролцоог хэрхэн хангах талаар тодруулсан юм. Мөн гишүүн Х.Болормаа хуулийн төсөл нь сургуулийн орчныг зөвхөн боловсрол олгодог орчин биш, эрүүл мэнд, аюулгүй байдал, зөв дадал хэвшлийг хүүхдэд хамтад нь олгодог цогц тогтолцоо болгох зорилготойг онцлон дэмжиж байгаагаа илэрхийлээд, зардлын тооцоолол болон хууль хэрэгжсэнээр гарах бодит үр дүнгийн талаар асууж хариулт авсан юм. Мөн гишүүн Б.Хэрлэн хуулийн зохицуулалтад бие бялдрын эрүүл мэндээс гадна сэтгэл санааны эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой харилцааг агуулж буй эсэх, өдрийн цай, ариун цэврийн өрөөний стандарт тохижилтыг цогцоор нь зохицуулах боломжтой эсэхийг асууж хариулт авсан юм.

Дараа нь гишүүн Д.Ганмаа, Д.Рэгдэл нар үг хэлж, хуулийн төсөлтэй холбоотой судалгаа тооцоог гүнзгийрүүлж, салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг оролцуулж ажиллах, хэрэгжүүлэх арга механизмыг илүү бодитой, оновчтой тодорхойлох талаар санал хэлэв. Мөн Байнгын хороны дарга Б.Найдалаа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын хэсэгт Боловсролын болон Эрүүл мэндийн яамд, холбогдох байгууллагын төлөөллийг өргөн оролцуулж, сайжруулах нь зүйтэй гэсэн юм.

Сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсоон гишүүдийг олонх буюу 72.2 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.