Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.24)-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нарын 39 гишүүний өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж, “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Байнгын хорооны 06 дугаар тогтоолын биелэлт, үр дүнгийн болон хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонсож, хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын дараалалд гишүүн Т.Мөнхсайхан нарын таван гишүүний санаачилсан Эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан ч хууль санаачлагч гадаад томилолттой тул хойшлууллаа.
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч Ц.Мөнхтуяа танилцуулж, тус салбарын багшийн хомсдол, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцолсон юм. Түүний мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгт 508, ерөнхий боловсролын сургуульд 4292, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад 82 багш дутагдалтай байсан бөгөөд 2030 он гэхэд 23 мянга гаруй багшийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Мөн 2026 оны хоёрдугаар улиралд улсын дундаж цалин 3.03 сая төгрөг байхад ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин 2.23 сая, цэцэрлэгийн багшийнх 2.34 сая төгрөг байна.

Хуулийн төсөлд багш, боловсролын байгууллагын удирдах болон мэргэжлийн ажилтнуудын үндсэн цалинг улсын дундаж цалингаас доошгүй түвшинд тогтоож, инфляцтай уялдуулан жил бүр шинэчлэхээр тусгасан байна. Анги дүүргэлтийн ачааллыг цалинтай уялдуулах, багш мэргэжлээр суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт, амьжиргааны тэтгэлэг олгох, олон жил ажилласан багш нарт эрт тэтгэвэр тогтоолгох сонголт олгох, хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтуудыг шинээр оруулахаар заажээ.
Түүнчлэн хуулийн төсөлд боловсролын санхүүжилтийг ДНБ-ий 7.0 хувь буюу улсын төсвийн нийт зардлын 20 хувиас доошгүй түвшинд төлөвлөх, суралцагчийн хувьсах зардал, үдийн хоол, дотуур байрны хоолны зардлыг инфляцтай уялдуулан шинэчлэхээр тусгасан байна. Эдгээр нь зөвхөн багшийн цалин нэмэх асуудал бус, боловсролын салбарын хүний нөөц, санхүүжилт, засаглал, үйлчилгээний чанарыг цогцоор нь сайжруулж, боловсролын тогтвортой хөгжлийг хангах эрх зүйн шинэчлэл гэдгийг тэрбээр дурдлаа.
Хуулийн төсөлд Засгийн газраас өгч буй саналыг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Боловсролын салбарын багш, ажиллагсдын цалин хөлс, эдийн засгийн болон нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн зохицуулалт туссаныг тэрбээр дурдаж, эдгээр арга хэмжээний зардлын нарийвчилсан тооцоог хийлгүйгээр салбарын санхүүжилтийн ДНБ-ий 7-гоос доошгүй хувь, эсвэл улсын төсвийн нийт зардлын 20-оос доошгүй хувьд хүргэхээр тусгасан нь улсын төсөвт ойролцоогоор 2.2 их наяд төгрөгийн нэмэлт зардал шаардагдах тооцоо гарч буйг хэллээ. Мөн Монгол Улсын 2027 оны төсөвт хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардалд тусгагдаагүй, Засгийн газар төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг зохицуулсан салбар салбарын хууль тогтоомжийг хүчингүй болгож байгаа тул Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн Сангийн сайд, боловсролын салбарт 2022 оны төсвийн жилээс эхлэн орцод бус гарцад суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж буйг мэдээлж, салбарын хуулиар ажилчдын нийгмийн баталгааны асуудлыг зохицуулах нь төрийн албаны нэгдсэн бодлогыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжихгүй байхыг Байнгын хорооны гишүүдээс хүсэв. Харин хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа Засгийн газар саналаа хугацаанд нь өгөөгүй гэсэн тайлбар өгөв.
Хууль санаачлагчийн илтгэл болон Засгийн газрын саналтай холбогдуулан гишүүн Д.Рэгдэл, М.Энхцэцэг, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, М.Нарантуяа-Нара, Б.Хэрлэн, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлэв. Хуулийн төсөл санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар тодруулж, боловсролын салбарын зардлын хэмжээ одоо ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэж байгаа, 7.0 хувьд хүргэхэд төсөвт жилд хэдэн их наяд төгрөгийн нэмэлт ачаалал ирэхээр байгааг асууж, хариулт авав. Мөн тэрбээр багш нарыг эрт тэтгэвэрт гарах боломжтойгоор зохицуулж буйд шүүмжлэлтэй хандаж, 50-55 насны багш нар хамгийн өндөр туршлагатай, чадварлаг хүмүүс байдаг учир тэднийг эрт тэтгэвэрт гаргах нь боловсролын салбарын оюуны капиталыг алдах эрсдэлтэй гэж үзэж байгаагаа хэлэв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг ДНБ-ий 6.2 хувийг боловсролд зарцуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа мэдээлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХЯ)-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын В.Рэнцэнхандын тайлбарласнаар Монгол Улсад тэтгэврийн насыг 1958 оноос хойш 55, 60 насаар тогтоосон хэвээр байгаа бөгөөд дундаж наслалт өссөн өнөө үед насыг бууруулах бодлого байхгүй юм. Багш нарын тэтгэвэрт гарах асуудлыг салбарын хуулиар бус Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа дурдаад, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхдийг үнэ төлбөргүй сургах зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа, тэтгэвэрт гарсан багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл, хүүхдийн хоолны зардлыг инфляцтай бус хүнсний үнийн өсөлттэй уялдуулах боломжийн талаар тодруулав. Тэрбээр багшийн улс төрийн эрхийг хязгаарласан заалтыг хассан үндэслэлийн талаар лавлаж, хувийн сургуулийн багш нарын цалин урамшууллыг төрийн сургуулийн багш нарынхтай уялдуулах шаардлага байгааг онцлов.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хуулийн төсөлд тусгасан заалтуудыг нэлээд нь багш нараас шууд ирсэн санал болохыг тодотгож, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн чөлөөлөлтийг зөвхөн “эрэлттэй мэргэжил”-ээр хязгаарлахыг болиулах, эрүүл мэндийн шалтгаанаар эрт тэтгэвэрт гарах боломжтой болох, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг багш нар хамгийн их гаргаж байсныг танилцуулсан юм.
Мөн гишүүн С.Эрдэнэбат хуулийг төслийг дэмжиж, сайн заалт олон ч засах шаардлагатай, эргэж харах хэрэгтэй зүйлс ч цөөнгүй байгааг анхааруулав. Тэрбээр багш нарын улс төрөөс ангид байх заалтыг хасахыг дэмжихгүй гэдгээ хэлж, тэтгэвэрт гарсан багшийн хөдөлмөрийн нөхцөлийг дордуулах эрсдэлтэй заалтыг өөрчлөх, анги дүүргэлтийн ачааллыг цалинтай уялдуулах зэрэг тодорхой саналуудыг хэлсэн юм. Өнөөдөр зарим ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь сургалтын чанарт ноцтой нөлөөлж буйг тэрбээр онцлов.
Гишүүн А.Ариунзаяа хуулийн төслийн зарим заалт санхүүгийн өндөр дарамт үүсгэж болзошгүйг анхааруулж, багшийн цалинг улсын дундаж түвшинд шууд хүргэх, эрт тэтгэвэр тогтоолгох эрх олгох, нийгмийн даатгалын нэгдсэн бодлогыг салбарын хуулиар өөрчлөх нь эрсдэлтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара багшийн цалинг нэмэхгүйгээр боловсролын чанар, шинэчлэлийн талаар ярих боломжгүй гэдгийг онцолж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр улсын сургуулиуд сайн багш нараа хувийн сургуулиудад алдаж буйн гол шалтгаан нь цалин хөлсний ялгаа гэдгийг дүгнэж, үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Хуулийн төслийн зорилгыг дэмжиж байгаа гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн мэдэгдээд, зарим зохицуулалтын судалгаа, үндэслэлийг тодруулж, хариулт авсан юм. Тэрбээр төрийн болон хувийн сургуулийн багшийн цалингийн зөрүү ялгаа, түүнийг тэнцүүлэх шаардлага, мөн сургуулийн үйлчилгээний ажилтны цалингийн харьцаа, сургуулийн удирдлагыг хугацаатай томилох зэргийг нарийвчилсан судалгаа, тооцоонд үндэслэх нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, хуулийн төслийн зорилго зөв ч маргаантай заалтуудыг засах шаардлагатай гэлээ. Тэрбээр багшийн цалин, урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой заалтуудыг дэмжиж, харин тэтгэвэр, цалин, хувийн сургуулийн зохицуулалт зэрэг маргаан дагуулж буй заалтуудыг ажлын хэсгийн түвшинд дахин боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт, тайлбар авч, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуулийн төслийг үзэл баримтлалын хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ.
