Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 24 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 81.3 хувьтай байв. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон дагалдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өгсөн.
Энэ хүрээнд 33 журам, дүрмийн төслийг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар батлуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид 16 тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаас батлагдсан хоёр, санал авч байгаа ес, боловсруулж байгаа таван төсөл байгаа юм. Шинэ бүтээн байгуулалт хийхдээ Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ажлаа уялдуулан хэрэгжүүлж, автобус баазуудыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврын хүрээнд “Тэнүүн огоо” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах эсэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах, орон нутгийн өмчид хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Нийслэлээс мал, эзэнгүй нохой, муур гаргах ажлыг шуурхай зохион байгуулах захирамжийг гаргах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам”-ын төсөлд холбогдох 16 байгууллагаас санал аван, төвийн зургаан дүүрэг, ulaanbaatar.mn, ubservice.ub.gov.mn сайтаар дамжуулан нийтэд таниулж, сонсох ажиллагааг 30 хоногийн хугацаанд зохион байгуулж, уг саналуудыг тусган боловсруулжээ. Мөн эзэнгүй нохой, муур түр асран хадгалах байрны талаарх захирамжийн төсөлд санал авч, түр асран хадгалах байрыг бэлтгэж байгаа юм.
Хот стандарттай тул суурин газарт бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх нь зохимжгүй, малын гаралтай өвчлөл гарах, тархах зэрэг эрсдэлтэй учраас нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлаа эрчимжүүлэхийг Хотын дарга үүрэг болгов.