Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь гүйцэтгэх ёстой үйлдлийг гүйцэтгэсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Налайх түгээх төвийн “Н” нар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.