Эдийн засгийн байнгын хорооны  (2025.12.16) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлон, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголын тайланг танилцуулсан юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн сонсголыг Монгол УИХ-ын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус тус  баримтлан нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулснаа тодотгов.

Нэр дэвшигч С.Наранцогт нь Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Байнгын хороо холбогдох хууль, журмын дагуу энэ сарын 16-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсголыг Д.Үүрийнтуяа гишүүн даргалахаар тогтсон юм. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчийн сонсголын бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулаад “Сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн” гэв.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон УИХ-ын гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулсны дараа хаалттай хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасныг үндэслэн УИХ-ын дарга Н.Учрал С.Наранцогтыг тус албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.

С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.

УИХ-ын даргын санал, нэр дэвшигчийн сонсголын тайлантай холбогдуулан гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Б.Жавхлан, Ч.Анар, Р.Сэддорж нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчээс томилогдсон тохиолдолд баримтлах бодлого, Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах талаар, ипотекийн зээлийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, дундаж давхаргын иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах хөнгөлөлттэй зээлийн талаарх байр суурийг нь тодруулж хариулт авсан. Үүний зэрэгцээ ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр ажиллах, гадаад валютын албан нөөцийг төрөлжүүлэх, төв банкны цахим мөнгө буюу CBDC (Central bank digital currency)-г нэвтрүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж,  үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үндсэн зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг захив.

Ийнхүү нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг хэлэлцээд, С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын 20 гишүүний 75 хувь буюу, 15 гишүүн дэмжлээ. Үргэлжлүүлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан “Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн.

Иймд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.