Энэ хоёр хүний мөрөөдлөөр болдог бол Монгол хөгжсөөн, хөгжсөн. Нэг нь Монголын ардчилал дэлхийд гарлаа гэж томроод, нөгөөх нь “Бид Азийн хүлэг улс боллоо” гэж тунхаглаад явж өгсөн. Элбэгдорж Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн залуу буюу 35 настайдаа Ерөнхий сайд болсон. Үүний тулд 1996-2000 онд намаа хагалж, нанчилдаанд голлож, хор найруулж, хормой дэвссэн.
Л.Оюун-Эрдэнэ 41 настайдаа Ерөнхий сайд болсон, үүний тулд шаадаг тавын нэг болж, шанаа авч, шанага долоож, шаварт шарваж сурсан. Тэгснээ одоо бие биенээ дуэльд дуудлаа гэнэ ээ. Нэг нь Женокийн сайн дүү, нөгөөх нь хамгийн том дайсан нь.
Сүүлийн үед Оросын сөрөг хүчний лидер Навальный нас барснаас хойш Элбэгдоржийн баруун дахь байр суурь огцом өссөн, Америкийн армид хүртэл лекц уншсан, твиттерийн жиргээ нь захиалгын дагуу 10 сая хүнд хүрсэн.
За Элбэгээгийн 10 сая үзэгч уншигч Монголд юуны хамаа, юухны хожоо байх билээ. Хариуд нь Оюун-Эрдэнэ сонгуулийн мешок болгон Элбэгдоржийг баруун, солгойгүй балбаж байгаа.
Чухам Оюун-Эрдэнийн далайсан гар уу, Женокийн далласан нударга уу? Элбэгдорж, Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа Харвардаар овоглодог. Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болчихоод хэдхэн сарын дараа огцорч, үүрэг гүйцэтгэгчээр хагас жил манарч давхисан байдаг юм. Төр болж тоглосныхоо дараа түргэн шуурхай суралцахаар мордсон. Оюун-Эрдэнэ жагсаалаар шоудаж Ерөнхий сайд болсон, төр болж тоглоод, огцорсныхоо дараа дахин явж суралцах л байх аа даа.
Энэ хоёр хүний хэн хэн нь өөрийн гэсэн өөрчлөлтийг чармайн зүтгүүлсэн, гэвч аль аль нь хажуугийн хулгайчдаа нуур нугас, дэргэдийн луйварчиндаа загас ус шүү дээ. Энэ дутагдал нь тэдний намтарт уртаас урт хүйтэн сүүдэр үлдээдэг. Хоёулаа асар адилхан мөн чанартай, хоёулаа мятаршгүй мөрөөдөгч, цуцашгүй төсөөлөгч, хоёулаа өөртөө алга тэнэгэр, өрөөлд атга чанга. Өө тийм, хоёулаа өөр өөрийн намын урдуураа улаан хөлтнийг гишгүүлдэггүй шоучин.
Шоу бизнесийн жүжигчний ч хоншоор дутна гэж мэд. Тэдэнд нэг л том ялгаа бий. Элбэгдоржийг юу ч гэж шүүмжилсэн үг хэлэх эрх гэж үзээд өнгөрүүлж дадсан, чухам дүр эсгэсэн ардчилал ч байж болох. Оюун-Эрдэнэд хатуу үг хаяглангуут уйлж байгаад угсраа цохилт өгдөг. Харин одоо нөгөө л сонгууль болгоноор гарч ирдэг Зоригийн хэргийн дуулианыг тойрон энэ хоёр маань үзэлцэх нь. Оюун-Эрдэнэ С.Зоригийг бусдын гарт амиа алдсаны маргааш буюу 1998.10.03-нд болсон Засгийн газрын хуралдааныг дэлгэсэн шиг дэлгэх хэрэгтэй, Элбэгдорж ч зангиагаа зүүж гутлаа тослоод ирж учир явдлаа тайлагнах хэрэгтэй. Зүгээр л хоёр талаасаа шоудаад байж болохгүй. Тэгвэл хүнлэг бус хэрэг болно.
С.Зоригийн хэрэг бол Дэлхийд мандсан Монголын ардчилал зэрэг үлгэр биш, Азид хурдалсан хүлэг улс энэ тэр гэсэн төсөөлөл ч биш шүү. С.Зориг бол монгол хүн бүрийн сэтгэлд зангирсан нулимс. Тиймээс хүндэтгэлтэй хандах учиртай. Дуэль юм бол дуэль шиг л бай. А.С.Пушкин дуэльд эцсийн мөчөө хүртэл эр хүний ёсоор зогссон юм шүү, та хоёр харин шоудаж байгаад сонгууль дуусангуут гэр гэртээ хариад унтаад өгөв дөө! Ядаж байхад хоёулаа царай муутай, тагжгар, за за сүүлийн энэ өгүүлбэрийг уучлаарай, хоёр оо.
Сэтгүүлч Р.Эмүжин