Уурхайчдын өргөдлийг судалсан талаараа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа. 1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхайг 2004 он хүртэл Төрийн өмчийн хороо хариуцаж байсан бөгөөд мөн оны дөрөвдүгээр сард байгуулагдсан “худалдах, худалдан авах гэрээ”-гээр өмчлөгчийн эрхийг “Бэрх-Уул” ХК-д шилжүүлснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн асуудал хариуцах эзэнгүй болжээ.
1999-2021 онд мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Бэрхийн уурхайд ажиллаж байсан 188 иргэнд 2003 онд 59 сая төгрөг, 2007 онд 18 сая төгрөг, 2011 онд 245 хүнд 68,7 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс олгосон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийнөмчийн хорооноос 2013 онд байгуулсан ажлын хэсэг нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах талаар дүгнэлт гаргаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дэмжсэн боловч Засгийн газар шийдвэрлээгүй аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл уурхайчдад олгох хоёр удаагийн нөхөн төлбөрт 4.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулах асуудлаар 2017 оноос шүүхэд хандаж байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.26-ны өдрийн 0404 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.25-ны өдрийн 570 дугаар магадлалаар Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох, эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгажээ.
Дээрх шийдвэрийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй бөгөөд тус яамны салбарын хяналтын хэлтсээс Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч 112 иргэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолд заасан цалингийн итгэлцүүрийг ашиглан тооцоолоход 9.45 тэрбум төгрөг болохыг тогтоогоод байна. Яамны ажлын хэсгээс “Нөхөн төлбөр олгох тухай” тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2025.11.17-ны өдөр хүргүүлжээ.
Асуудлыг судалсан гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үр дүнг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Гэвч Засгийн газар, холбогдох яамд, газрын эрх бүхий албан тушаалтнууд Байнгын хорооны хуралдаанд ирээгүй тул уг асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
