АН-аас мэдээлэл хийж, сонгуулийн луйврыг илчлэх цахим хуудас, тусгай утас ажиллуулах болсноо мэдэгдлээ.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Энэ жилийн сонгууль ямар нөхцөл байдалтай байна гэхээр 70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. 2020 оны сонгуулийн өмнөх 4 сард бүр 230 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Энэ бол багагүй тоо бөгөөд өмнөх оны мөн үеүдтэй харьцуулахад 2023 онд 60 мянга, 2022 онд 50 мянга 2021 онд 50 мянга орчим мянган хүн шилжжээ. Харин энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт байна. Энэ бол бидний яриад байгаа царцааны нүүдэл юм.

Төрийн байгуулалтын хороон дээр энэ асуудлаар дэд хороо байгуулагдсан дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллаж байна. Тус дэд хороогоор дамжуулан шилжилт хөдөлгөөнийг аймаг, сум, нийслэл, хороо дүүргээр нь нарийвчилсан мэдээлэл авъя гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Энэхүү мэдээллийг үнэн зөвөөр нь авч чадвал хаанаас хаашаа царцаа нүүгээд байна вэ гэдэг нь тодорхой болно.Ганц АН дангаараа зүтгээд хүчин мөхөстөж байна” гэлээ.

АН-ын дэд дарга П.Галиндэв “Энэ сонгууль шударга болох эсэхэд хариулт өгөх хүн үгүй байна. Өнгөрсөн сонгуулиуд дээр илтэд булхайн шинжтэй, сонгуулийн үр дүнг өөрчилсөн хэргүүд гарсан. Тухай бүртээ нэр дэвшигч, улс төрийн намууд гомдол гаргасан боловч мөн авч хэлцээгүй. Сонгуулийн ерөнхий хороо, тагнуулын ерөнхий газар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд гомдол гаргасан. Тэгэхээр өнгөрсөн сонгуулиудын дүнг харахаар дүн гарсан бол асуудал дууссан. Тухай үед сонгуулийн санал хураалтын ямар булхай луйврууд явагдсан эсэх нь хамааралгүй болдог ийм нөхцөл байдал давтагдсаар байна.

Сонгуулийн дүн гарах үеийн тохиолдол эхний 18 хэсгийн хорооны дүн ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан. Дунд үед ирэхэд П.Галиндэв гэдэг нэр дэвшигч 35 нэр дэвшигчийн дунд байгаагүй мэтээр нэрсийн жагсаалтаас алга болсон. Ингээд 1 цаг орчмын дараа миний нэрийг буцааж гаргаж ирсэн тэгэхдээ 5 дугаарт эрэмбэлэгдсэн. Сонгууль бүрээр луйвар болж байна. Галиндэв ялагдахдаа биш, аль нэг нам, эвсэл ялах, ялагдах биш эцсийн дүндээ сонгогч, нийт ард түмэн сонгуулийн луйварт ялагдаж байна. Сонгуулийн хууль шинээр батлагдсан хулгай, луйврын асуудал огт засагдсангүй. Олон улсын байгууллагууд, хөндлөнгийн хяналтыг сонгуульд оруулж ирэх шаардлагатай байна. Сонгуулийн үеэр болон, сонгуулийн үр дүнг аудит хийх эрх зүйн орчныг оруулах шаардлагатай.

Сонгуулийн хэсгийн хороо бүрд аудит оруулж шалгуулах ёстой. Сонгуулийн луйвар гэдэг бол төрийн эрх мэдлээр хийдэг ажил юм. Бүхэл бүтэн улсын сонгуулийг яагаад хянахгүй байгаа юм бэ. Тагнуул, цагдаагийн байгууллага төрийн эрх мэдлээ дагаад хөдөлдөггүй. Үүнийг заавал олон улсын байгууллага хянадаг тогтолцоотой байх ёстой. Нэг нам нь давамгайлан засагласан үед бүх зүйл ганц нам, цөөн улс төрчдийн шийдвэрээр явдаг юм байна. Тийм учраас бид парламентыг тэнцвэртэй байлгах ёстой. Хяналт тавих боломжийг нь олгох ёстой, тэгж байж тэнцвэртэй хууль батлагдаж гардаг. Тэгж байж ардчилал бий болдог. Бид нар сонгуулийн олон луйврыг засах ёстой. Үүнийг ард нийтээрээ хийдэг юм.

Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийх ёстой. Яагаад техник, технологи ашиглаж ард иргэд сонгуулиа хянадаг системийг одоо болтол хийж өгөхгүй байгаа юм бэ, заасан дүнгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад сууж байдаг. Дахиад сонгууль луйвардвал юу болох вэ? Хар машин гэдэг зүйл сонгуулийн алдааг засаж чадах байна. Сонгууль гэдэг бол ард түмний 4 жил тутам нэг удаа төр засгаа сонгон байгуулдаг Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм.

5, 10 цаасаар битгий саналаа худалдаач ээ. Ингэснээр Монгол Улсын хувь заяа, нийт ард түмний хувь заяаг, худалдаж байна. Монгол Улсын иргэд өөрийнхөө ирээдүйг өөрсдөө сонгох эрхтэй.