“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, АН-ын жагсаалтын өнгөнд эрэмбэлэгдсэн Ж.Баясгалан, МАН-аас Баруун бүсэд нэр дэвших тийзээ өвөртлөөд байсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанаа Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн.

Харин УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг бүртгэж, үнэмлэх олгохоор тогтсон байна.

Хасагдсан нэр дэвшигчид УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024.06.02-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлж, гомдлоо тайлах боломжтой. Тухайлбал, Ж.Баясгалан, Ц.Цэрэнпунцаг нар татварын өр, төлбөрөө барагдуулчихвал нэр бүртгэгчдийн жагсаалтад багтана гэсэн үг.

Н.Номтойбаярын тухайд эрх баригчдын, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн айдас тул нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах ажиллагаа эртнээс эхэлсэн биз. Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол ч түүнд зориулагдсан байж мэдэх. Явцгүй эл нүүдлийн араас албан тушаалын хэргээр ял авсан гэх шалтгаанаар нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулж буй нь болхи, арга ядсан улстөрчийн жижиг тоглолт төдий харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Одоогоор СЕХ хууль зөрчсөн гэдгийг нотлохоор Н.Номтойбаяр шүүхэд хандсан ч Шүүхийн процесс хэр хугацаанд үргэлжлэхийг хэлэх боломжгүй юм.

АН гэж даргынхаа лойдор дүр шиг дугуйлахаас ч дургүй хүрэм болчихсон, ХҮН-ынхан хэзээнээсээ эрх баригчдын “колони” гэгддэг тул эмээгээд байх юу ч үгүй, бусад нь живхнээсээ гараагүй байгаа цагт зөв дуугарч, зөв тооцоолбол Монголын номер нэг улстөрийн хүчин ч болчихож мэдэх цаг үеийн тохироо нь бүрдчихсэн энэ үед МАН-ынхан гомдогсдын армиас айхгүй гээд ч яалтай.

Гэхдээ Н.Номтойбаярын өнөөгийн байгаа байдал хол нүүж чадах нь юу л бол… Тэдэнд хувь улстөрчдийн өс хонзон, хаяа хормойгоо хумьж ухаантай дүр эсгэсэн бизнес эрхлэгчдийн хоосон цэцэрхлээс өөр юу ч алга. Ядаж байхад хэвлэл, пиарчдынх нь тархи ч түүхийгээрээ бололтой. Гоё сэтгүүл, гоё сонин хэвлүүлж, хаа нэг асуулт тавьсан сэтгүүлчийг загнасан Н.Номтойбаярын яриаг тасалж шидсэнийг пиар гэж үздэг баг тэнд байж мэдэхээр л байна. Уг нь улстөрийн тохироо, цаг үе нь үүнээс илүү таарч бүрдэнэ гэж юу байх билээ. Эрх баригчдын нэр хүнд шалаар нэг болсон, бусад улстөрийн хүчин сэхээний орон дээр өдрөө хүлээн хэвтэж буй энэ цаг үеийг ашиглаж чадахгүй л юм бол ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ гэх сүржин нэрээ далд хийгээд, илүү их хохирол амсахаасаа өмнө тарчихсан нь дээр юм. Эрх баригчид ч ийм хэмжээний пиарчидтай эвслээс ингэтэл эмээх нь илүүц тул өөрсдийн гээгдсэн нэр хүндээ эрж олон, сэргээх ажилд цаг мөнгөө зарах нь арай бага зардал гаргаж цаг хэмнэх биз.

Харин Ж.Баясгалан, Ц.Цэрэнпунцаг гэхчлэн өр төлбөрийн асуудлаас болж хасагдсан болон хуульд заасан баримт бичиг дутуу, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа, нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн, төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй гэх үндэслэлүүд нь улстөрийн намууд болон хувь нэр дэвшигчдийн арчаагүй, хариуцлагагүйтэй шууд холбоотой. Ийм алдаа гаргасан нөхөд улстөрөөс тэр чигтээ явсан нь хэн хэндээ халгүй гэчихэд хатуудсан болохгүй.

Эс бөгөөс хуулийн цоорхой ашиглан Хууль тогтоох дээд байгууллагын босго даван шургалах гэсэн атгаг нэгэн гэхээс өөрөөр харагдахгүй байна.

Улстөрийн намууд нэр дэвших ажиллагааг хуульд заасан хугацаанаас өмнө дотооддоо хэдийнэ эхлүүлчихсэн байдаг нь “хууль”. Тэр утгаараа улстөрийн намын удирдлага, Удирдах зөвлөл, Үндэсний бодлогын хороо гээд бүхэл бүтэн институц ажиллаж, нэр дэвшигчдийнхээ судалгааг жимбийтэл цэгцэлдэг нь генсекүүдийн ажил. Тэд нэр дэвшигчдийнхээ судалгаа, өр төлбөрийн асуудлыг нягтлаагүй байна гэвэл гэнэн хэрэг болно. Тиймээс намын генсекүүдийн хувьд Ж.Баясгалан, Ц.Цэрэнпунцаг мэтийн алдаа гаргагчдыг анхнаасаа дэмжээгүйн илэрхийлэл гэчихэд хол зөрөхгүй биз.

Тэгэхээр хувь горилогчид тухайн цаг мөчүүдэд өөрсдөө хариуцлагагүй байсныхаа төлөө дахин, дараагийн гэх гоншигнол, харуусал урсгалгүйгээр бусад горилогчдод зайгаа тавиад өгөх нь шударга болно.

Тиймээс СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бол эргэж хүлээдэг, харзнадаг тэнэглэлээ болих хэрэгтэй юм.

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн болж, төр түшилцэх гэж буй нөхдөд биеэ засаагүй, гэрээ засаагүй, алдаагаа засаагүй арчаагүйтэл байж болохгүй. Тэдний “бохир” цэвэрлэгдэхийг хүлээн төр төсвийн албан хаагчид ч илүү цагаар, амралтгүйгээр хүлээн ажиллана гэдэг байж болшгүй явдал.

Биеэ засаагүй горилогчид төр засалцана гэж юу байх билээ.