Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 122 гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оноос 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Мөн зөрчлийн тоо өмнөх оны үеэс 38 хувиар өссөн.
Нийт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг байршлаар нь авч үзвэл
- нийслэлд 103 буюу 84.4 хувь,
- орон нутагт 19 буюу 15.6 хувь үйлдэгдсэн статистик тоо мэдээг өгсөн.
Харин 122 гэмт хэргийн 105-д нь 18-35 насны залуус холбогдож байна.
Нэвтрүүлж буй хэлбэр нь карго буюу ачаа барааг улс хооронд хөлсөөр тээвэрлүүлэх үйлчилгээг ашиглах, шуудан илгээмж, ачаанд нуух зэрэг байна.
Худалдан борлуулж буй аргууд нь байршил, darkweb хуудас, нуувч, бусдыг данс ашиглах болон гараас гарт дамжуулах гэсэн үндсэн хэлбэрүүдээр гэмт хэргүүд үйлдэгдэж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлсэн юм.
Мөн тэрбээр “2024 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагаас нийт 10,510 хүн хэрэглэх боломжит тун буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий хууль бус хэрэглээг таслан зогсоосон” гэв.
Харин мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, бусдад борлуулсан тохиолдолд оноох ялын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл ангид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад дамжуулах тохиолдолд 1-5 жилийн хорих ял, эсвэл эрх хязгаарлах ял оногдуулж байна.
Харин бусдад худалдан борлуулах зорилгоор олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жилийн хорих ялтай. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болон бүлэн зохион байгуулалттайгаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол 5-12 жилийн ялтай. Мафийн шинж буюу гэмт бүлэглэл үүсгэж, үүргээ хуваарилан авч, илүү их зохион байгуулалтад орж, гэмт хэргийн улмаас олсон ашгаа амьдралын эх үүсвэр болгосон бол бүх насаар нь хорих ял оноодог.
Гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь худалдаалах зорилгогүй зөвхөн биедээ авч явсан, хадгалсан гэх 20.7.1-д зүйлчлэгдэж, нэгээс тав жилийн ял авч байгаа байдал түгээмэл байна. Иргэд богино хугацаанд ял эдлээд гарч ирж байна гэж шүүмжилдэг. Гэтэл Эрүүгийн хуульд хугацаанаас өмнө магадланд оруулах, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялынхаа 1/2-ийг эдэлсэн бол зургаан сар ялаа эдлээд гарах боломжтой. Тиймээс хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулж байна гэсэн үг юм” хэмээв.
Энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг бусад улстай харьцуулбал зарим оронд хураагдсан эд мөрийн баримт буюу мансууруулах бодисын хэмжээнээс шалтгаалж ял оноодог байна.
Тухайлбал Хятад улсад 50 грамм мансууруулах бодис авч явсан тохиолдолд цаазаар авах зүйл ангитай байдаг бол манай хуульд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл нэг килограмм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг хурандаа Б.Батхуяг хэлсэн юм.
Тэрбээр “Энэ асуудал дээр дүгнэлт хийж авч үзэхэд их хэмжээний бодис авч явна гэдэг нь түүнийгээ зарж борлуулах зорилготой, олон хүнд өгсөн тохиолдолд тэр тооны хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах бололцоотой учраас хор хохирол нь илүү.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль 2002 онд батлагдаж 22 жил үйлчилж байгаа. Тиймээс цаг үеийн шаардлагаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Засгийн газраас энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж Улсын Их Хуралд өргөн барьсан. Хуулийн гол үзэл баримтлал нь худалдан борлуулдаг, бусдад их хэмжээний хохирол учруулах нөхцөл байдал үүсгэдэг, шунахайн зорилгоор гэмт хэрэг үйлдэж буй хүмүүст оноох ялын бодлогыг чангатгах юм” гэлээ.