Монгол Улсад 2022 оны байдлаар 1,282,373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12,882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурч, харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна.
Тиймээс УИХ-ын 37 дугаар тогтоолд тусгагдаагүй хүүхдийн эрхийн дараах асуудалд анхаарал хандуулан ажиллахыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан цохон тэмдэглэлээ.
Үүнд:
Төрийн холбогдох байгууллагууд хагас болон бүтэн өнчин хүүхэдтэй холбоотой албан ёсны статистик мэдээ, бүртгэл, тайлан мэдээг дутуу гаргадаг, зарим мэдээллийг огт гаргадаггүй, өөр өөр шалгуур, маягт, программ ашигладаг зэргээс шалтгаалж улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээллийг бүрэн гаргахад хүндрэлтэй байна.
Тиймээс эдгээр хүүхдийн асуудлаар тусгайлсан бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хүүхдийн асрамж халамжийн төвийг төрөлжүүлэх, шүүхээс эцэг, эх байх эрхийг хассан, хязгаарлаж буй шийдвэрт хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, өмч хөрөнгө, эрүүл мэнд, боловсролын асуудал зэргийг бүрэн хэмжээнд шийдвэрлэж, хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэлээ.
Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна” гэж заасан боловч бодит байдал дээр бүтэн өнчин хүүхдийг түүний төрөл садан эсхүл асрамж халамжийн төвд шилжүүлж байгаагаас үл хамааран Засаг дарга, шүүхийн захирамжид эцэг, эхээс хүүхдэд өвлөгдөн үлдэж байгаа өмч, эдийн болон эдийн бус хөрөнгийн асуудлыг тусган шийдвэрлэх явдал хангалтгүй байна.
Өөрөөр хэлбэл, өнчин хүүхдийн нэр дээр өмч, хөрөнгө, өвлөгдөх эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, тогтоогдсон тохиолдолд хэн, хэдий хугацаанд, ямар журмын дагуу хамгаалах зэрэг асуудлуудыг дэлгэрэнгүй зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Комиссын захиалгаар хийгдсэн “Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт” судалгаанд асрамж халамжийн төвд шилжин амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдээс эд хөрөнгийн талаар тодруулж асуухад 12-18 насны 90 хүүхдийн 73 хувь нь мэдэхгүй, 16 хувь нь эд хөрөнгө байхгүй, 11 хувь нь ямар нэгэн эд хөрөнгө байгаа гэж хариулсан гэдгийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн бүтэн өнчин хүүхдийн тодорхойлолтод багтаж байгаа хүүхэд бүрд асрамж халамжийн төвд байгаа эсэхээс үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлолтод заасан нөхцөл байдал үүссэн өдрөөс эхлэн тооцон олгох, төрөөс олгож буй тэтгэвэр, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй цогц байдлаар үзүүлэх, хүүхэд үрчлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах цаашлаад байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцын хөнгөлөлт болон сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг бодитой тооцож, хэрэгцээнд нь тулгуурлаж тогтоох шаардлагатайг тодотгов.
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдлаас үүдэн өрхийн амьжиргааны түвшин буурах, хөгжих, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангагдах, орон сууцаар хангагдах эрхийн зөрчлийг үүсгэж байна.
Ялангуяа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийн хувьд санхүүгийн болон сэтгэл зүйн дарамтад өртөх зэргээс ядуу болон бага орлоготой өрхийн ангилалд шилжиж байгаа тул хүүхдийн хэрэгцээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.