Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “УИХ-ын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдгийг УИХ-ын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм. Энэ дагуу УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон МАН-ыг төлөөлж гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв.

Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа хэмээн Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн.

Хуралдаан даргалагч Д.Рэгдэл УИХ-ын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, УИХ-ын тамгыг гардуулж өглөө.

Үүний дараа шинээр сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын даргын хувьд УИХ-д суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана гэдгээ онцлоод хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдгийг тэмдэглэв. /бүрэн эхээрээ/

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.