Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу нүүлгэх Засгийн газрын шийдвэрийг олон нийт эсэргүүцэн хүлээж авав. Ж.Энхбаяраас өөр баярласан хүнгүй гэчихэд хэтрүүлсэн болохгүй биз.

Автомашиныг тэгш сондгойгоор зорчуулах санал дэмжигдэхээ больж, нийслэлийн төвлөрлийг сааруулах нэр дор энэ мэт зоргоороо, цочир шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаас гаргах болов.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас дээрх шийдвэр гарсан даруйд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төрийн өмчийн хорооныхонтой Дархан-Уул аймагт очин байр хүлээлцэх ажилд оролцож байгаа харагдана лээ.

Яам гэх хаягийг хаана ч аваачаад хадчихаж болдог юм гэхэд сайдаасаа эхлээд ажилтан, мэргэжилтэн, алба хаагчид болон яамыг зорих иргэдийн асуудлыг хэрхэн тооцоолж Улаанбаатар хотоос 220 километрийн цаана орших Дархан-Уул аймаг руу нүүлгэх болсон судалгаа Засгийн газарт алга.

Салбар хариуцсан сайд долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд хэрхэн ирж оролцох гэсэн юм бол?! УИХ-ын холбогдох байнгын хороод салбар хариуцсан сайдаас асууж тодруулах зүйл гарах бүрт Дархан-Уулаас дуудуулах уу. Тэр бүрт шатахуун зарцуулалт, сайдыг дагасан мэргэжилтнүүдийн томилолт өссөн дүнгээр төсөвт ачаалал болж, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслагдахгүй хэрэг үү?!

Сайдын хувийнх нь эдлэн, газар тариалан, фермер, арьс шир боловсруулах үйлдвэр, зочид буудлын дэргэд хариуцсан яамыг нь нүүлгэж аваачих гэдэг тэнэглэлийн дээд тэнэглэл биш үү… Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хойно дараа дараагийн сайд нар яах вэ. Эсвэл зөвхөн тэнд бизнестэй улстөрчдөд давуу байдал олгож байх хэрэг үү.

Яамны ажилтан, мэргэжилтнүүд хаана байрлах, ар гэр нь хэрхэх, үр хүүхдүүдийг нь хүлээн авах сургууль цэцэрлэг бий юү. Ар гэрийнх нь хүнийг хэрхэн ажлын байраар хангах вэ, эсвэл салж сарницгаах уу?!

Байгаль орчны яам Яармаг руу нүүхэд мэргэжилтнүүдийн тал илүү хувь ажлаасаа гарсан гэх мэдээлэл бий. Нийслэл дотор нүүдэллэхэд л чадварлаг мэргэжилтнүүдийн ихэнх нь ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байдгийг Засгийн газрын хуралдаанаар танилцаж, дүн шинжилгээ хийж үзсэн үү, Л.Оюун-Эрдэнэ ээ?

Яам гэдэг бодлогын газар. Тариалан эрхэлж төмс ухах аж ахуйн байгууллага биш гэдгийг Ерөнхий сайд та мэдэх үү?! Хүнс хөдөө ажуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул руу, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамыг Бэрх тосгон руу нүүлгэснээр Хөдөөгийн сэргэлт болчихгүй гэдгийг адгийг тэнэг ч ойлгох байх.

ХХААХҮЯ 14 төрлийн тусгай, 8 төрлийн энгийн зөвшөөрөл олгодог. Мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр гэхчлэн олон салбарыг хамарсан үйлчилгээг иргэдэд үзүүлдэг төрийн байгууллага. Хэдийгээр бүх зүйл цахимжиж байгаа ч иргэний үнэмлэхээ нотариат хийлгэж ирэхийг шаарддаг төрийн үйлчилгээг халаагүй хэвээр байгаа.

Нөгөөтэйгүүр Төр засгийн төв байгууллага байрладаг газрыг тухайн улсынх нь НИЙСЛЭЛ гэдэггүй бил үү. Салбар яамдаа хөдөө орон нутагт тараан байршуулсан өдрөөс чинь эхлээд Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл байхаа болих уу?!

Нийслэл нь, бодлого нь тарамдсан улсыг хэн нэгэн хүсч, хэн нэгэн захиалсан юм биш биз…

Хоршоо нэрийдлээр Өвөрмонголыг малгүй болгосон хэврэг технологи Монголд хэрэгжиж байгаа. Одоо харин яамдыг, Засгийн газрыг тараан байршуулах шийдвэр гаргаж эхэлсэн нь төрийн байгууллагуудыг эмх замбараагүй байдалд оруулах, ажлаа мэддэг чадварлаг мэргэжилтнүүдийг төрийн ажлаас холдуулах, гэр бүл үр хүүхдүүдийг салгаж өнчрүүлэх, төрийн бодлогыг тамирдуулахвий гэх айдаст автуулж буйг хэлэх хэрэгтэй.

Үүний цаана яамдыг нүүлгэн шилжүүлэх нэрийдлээр газарт нь, барилга байгууламжид нь эзэн суух гэсэн хэн нэгний далд шунал, далд эрх ашиг байхыг үгүйсгэх аргагүй… Анхаарах л асуудал!!!

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нүүлгэх асуудал 2013 оноос яригдаж, нүүдэл суудлыг цэгцлэхтэй зэрэгцэн хуучин байранд нь хэн эзэн суух вэ гэх асуудал дэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй гээд Хангарьд ордныг Улсын Дээд шүүхийн үйл ажиллагааг явуулах чиглэлийг Засгийн газарт өгсөн ч Засгийн газраас өнөө хэр зөвшөөрөөгүй л байгаа.

Тэгэхээр Нийслэлийн А бүсэд байрлах байгууламж хэний шуналыг хөдөлгөж, хэний нүдэнд өртөв гэдгийг анзаарахад гэмгүй л байх…

Энэ бүгдийн зэрэгцээ хувийнх нь аж ахуйн дэргэд хариуцсан яам нь очих төдийгөөр асуудлыг харж гуяа алгадан гүйсэн Ж.Энхбаярын ухааны цар, монгол төрийн төлөөх чин сэтгэл хэтэрхий жижиг харагдсаныг хэлэх хэрэгтэй. Тэр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Дархан, Сэлэнгэ төдийхнөөр хардаг юм биш байгаа…

Үргэлжлэл бий…