Т.Дүүрэн цагдан хоригдож, Ц.Баатарсайханы хайрцаглалт задран дундаас нь Л.Төр-Од гэх нөхөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болов. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө гэх гоё нэрнээс цаашгүй энэ газар улстөр, бизнесийн бүлэглэлийнхний танхим нэр дор цуглардаг улаан гэр төдийхөн болсон гэчихэд буруудахгүй биз. Ээлжит бус XXII их хурал ч үүнийг хангалттай харууллаа.

Бүлэглэлийнхний эрх ашгийг зангиддаг, өгсөх гишгүүр нь болсон гэх хурц шүүмжлэл дагуулсан танхимын ээлжит бус Их хуралд гишүүнчлэлтэй, мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцон 9 хүн нэр дэвшсэнээс хоёр нь нэрээ татсан. Тухайн үед Таванбогдын Ц.Баатарсайхан мандатын эрхтэй аж ахуйн нэгжүүдийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтай хамтран хайрцаглаж, баярын хундага тулган байсан гэх мэдээллийг ойрын хүрээллээс нь өгч байв. Ц.Баатарсайхан ялалт байгуулсан бол Т.Дүүрэнг орлогчоор үлдээх тохироо ч хийгдсэн байж магадгүй юм.

Т.Дүүрэн нэрээ дэвшүүлсэн ч санал хураалтын өмнө эгүүлэн татах тохироотой байсан гэх шуум тархахтай зэрэгцэн түүнийг Авлигатай тэмцэх газраас саатуулан, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсныг бүгд мэднэ. Энэ явдлыг улстөрийн захиалга хэмээн харж буйгаа ч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин мэдэгдэв.

Транспаренси интернешнл Монгол ТББ-ын тэргүүн Л.Төр-Од 37.3 хувь, “Таванбогд групп”-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 27 хувийн санал авсан ч гол дүрүүд таалагдаагүй байх, дахин санал хураалт явуулснаар 276 хүний саналаар шинэ Ерөнхийлөгч ялалт байгуулсан үйл явдал өнгөрч 7 хоногийн анхаарал татсан мэдээллийн нэг байлаа.

Танхимын Ерөнхийлөгч болсон Л.Төр-Одыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй” гэж тодорхойлсон ч, угтаа бол ингэж үзэх л байсан юм бол анхнаас нь нэр дэвших босгыг нь хаахгүй яасан юм, бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй хүн нэр дэвшүүлэхгүй гэсэн дүрэм зохиочихоод зайлж болох байсан зэргээр олон нийтийн зүгээс шүүмжлэл сонсч эхэлсэн.

Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од 2020.05.24-нд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүнээр томилогдон ажиллаж байв. Жилийн 162 сая төгрөгийн орлоготой, 490 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 733.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 2 ширхэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд хадгаламжиндаа 59.8 сая төгрөгтэй, 1.4 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн АТГ-т мэдүүлжээ.

АТГ-т эргэлзэхэд хүргэсэн баривчилгаанууд

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнөх өдөр нэр дэвшигч Т.Дүүрэн цагдан хорьсон явдлыг зохион байгуулалттай, захиалгатай юм биш биз хэмээн олон нийт хардаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ч ингэж үзэж буйгаа мэдэгдээд байна.

2012 оны сонгуулийн өмнө  Сод Монгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг мөн АТГ-аас баривчилж байв. УИХ-д нэр дэвших эрхээ аваад байхад нь тийнхүү саатуулсан бөгөөд үүнийг нэг тойрогт өрсөлдөхөөр зэхэж байсан намын нөхрийнх нь явуулга хэмээн шуугиж байсныг уншигчид санаж буй биз. Ц.Анандбазар ийн саатуулагдсанаар түүний оронд Ж.Батсуурь нэр дэвших мандат өвөртлөн УИХ-ын гишүүн болж байлаа.

Түүний дараахь жил, 2013 онд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг авлигын хэргээр шалгаж эхэлсэн гэх дуулиан дэгдсэн. Эхнэр нь дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний  гүйлгээ хийсэн, Тавин лан компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан Ланд круйзер 200 маркийн автомашиныг нь дээрэмдэн хахууль авахыг завдсан гэх хэрэгт буруутган нийгмээр нь зүхүүлэн шуугиулсан ч эцэстээ ямар ч хэрэг үүсгэлгүй чимээгүй болж байв.

2016 онд Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэд хилийн хориг тавьсан. Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүнээс буусны дараа тойрон хүрээлэгчдийг нь үил дараалан саатуулж шалгасныг нь энд мөн сануулах нь зүй байх. Эхнэр Э.Сэлэнгийг нь Москва, Берлиний чиглэлийн онгоцонд суусан байхад нь сүр дуулиантай буулгасан ч ямар нэгэн хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож байлаа.

Энэ улсад илүүдсэн АГЕНТЛАГ

Энэ мэтчилэн дуулиант кэйсүүд дурьдаад байвал нэлээдгүй жагсаалт гарч мэднэ. Д.Энхтүвшин гишүүн ч Т.Дүүрэнг захиалгаар, зохион байгуулалттайгаар саатуулсан гэх мэдэгдлийг хийчихлээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар бусдын гар хөл болдог, хэн нэгний ашиг сонирхолдоо ашигладаг хэрэгсэл нь гэсэн дам тодорхойлолт юм.

Тийм бол, улстөр, бизнесийн бүлэглэлийнхний нэгнээ захиалгаар зайлуулахад ашигладаг хэрэгсэл нь юм бол Авлигатай тэмцэх газрыг өөрийг нь галгаж, бүр татан буулгасан ч болох юм биш үү?! Өмнөх, тэрний өмнөх, түүнээс ч өмнөх сүр дуулиантай баривчилгаануудыг нь нэг бүрчлэн шалгаж бусдын алдар хүнд, ажил хэрэгт залруулж болшгүй хохирлуудыг учруулсан бол, цаашид ч учруулах бол энэ газар дангаар орших шаардлага бий юү…

Манай улс авлигын эсрэг хуультай болоод 28 жил, Авлигатай тэмцэх тусгай чиг үүргийн байгууллагатай болоод 17 жил болж байна. Харамсалтай нь, энэ хугацаанд Авлигын индекст ухралт гарсаар ирснээс биш урагшилсан он нэг ч үгүй гэчихэд хилсдүүлсэн болохгүй.

АТГ-ыг татан буулгах асуудал үе үе хүчтэй хөндөгддөг ч тэгсхийгээд намждаг байсан бол энэ удаад шийдвэртэйхэн шалгаад шийдэлд хүрэх цаг нь мөн юм. Авлигатай тэмцэх бие даасан данхар агентлагтай атал авлига, албан тушгаалын хэргүүд нь гаарсаар ирсэн улс орон манайхаас өөр үгүй байх. Халаасны хулгай, эрх мэдлийн хулгай хоёртоо цэг тавьж, хэрэгтэй, хэрэггүй данхар бүтцүүдээ цэгцлэхгүй бол тун удахгүй татвар бүрдүүлэх иргэдгүй, бүгд гадны улс орон руу дайжсан шившгийн хөндий болчихсон суухвий, эрхэм ТӨРийн эрх баригчид аа, эрхэм Ерөнхийлөгч өө!!!