Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзалт хийж, Гурван суурьт хөтөлбөрийг танилцуулав. Уулзалтад тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгж, 1-20 дугаар хороо, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болсон 500 гаруй төрийн алба хаагч оролцсон юм. Энэхүү уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүрэгт хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцууллаа. Дүүргийн 2023 оны нийт төсөв 386.5 тэрбум төгрөг. Үүний 75 хувь буюу 291.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 198.7 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.
Нийт төсвөөс үлдсэн 14 хувийг урсгал зардал, 10 хувийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд тус тус зарцуулдаг. Сүхбаатар дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа нэг том бүтээн байгуулалт бол улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр 13 дугаар хороонд баригдаж байгаа Нэгдсэн эмнэлэг. Дүүргийн иргэдэд үндсэн 7 мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх 200 ортой уг эмнэлгийн барилгын ажил 80 гаруй хувьтай, 2024 оны 2-р улиралд ашиглалтад оруулна. Мөн иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, дугуйн зам, спорт талбай бүхий зориулалт 3га газарт цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг тодотгов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаач нар, олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран дата мэдээллүүдээ нэгтгэн, хотыг бодлогын хэмжээнд хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг боловсруулсан. Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалд тулгуурлан өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хуримтлагдсан олон асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж буй. Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд хотын эрх зүйн чадамжийг сайжруулахаар 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Тус хуулийг шинэчилснээр Улаанбаатар хот Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болж, концесс олгох замаар хөрөнгө оруулалтыг дэмжих, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах, үнэт цаас гаргах замаар төсвийн бус хөрөнгийн эх үүсвэртэй болох боломж нээгдсэн юм. Цаашлаад хотын хөгжилд тушаа болох бусад дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, Улаанбаатар хотын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.