Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Л.Мөнхбаясгалан: Эрхэм гишүүн Та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу
Тэрбээр “УИХ-д гурвантаа сонгогдож, хоёр ч удаа сайдаар ажиллаж байгаа эрхэм гишүүн танд хаяглан дараах үгийг хүргэх учир байна. Та бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. “Хамгааллын” гэсэн тодотголтой сайд шүү. Тэгэхээр та монголчуудынхаа гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн баталгааг хамгаалж явах учиртай байх нь. Гэтэл таны өргөн бариад буй “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл дараах байдлаар монгол хүний эрх ашиг, хөдөлмөрийн зах зээлийн эсрэг , бүр цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа зөрчиж байна.
Өнөөдөр Монгол Улс ажиллах хүчний хомдсолд орсон нь үнэн. Яагаад ийм байдалд хүрэв. Тань шиг гурвантаа сонгогдож төрийн эрх мэдлийг авсан хүмүүс Монгол хүний төлөө, Монголын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалахын төлөө юу ч хийгээгүй учраас 220 гаруй мянган монгол хүн хүний нутагт дүрвэж ажил хийж ар гэрээ тэжээж яваа. Та өргөн барьсан хуулийнхаа үзэл санаанд “285 мянган ажиллах хүч хэрэгтэй” гэж дурдсан байсан. Таны гаднаас импортлохыг хүсч байгаа тэр тоо аргагүйн эрхэнд эх нутгаа, гэр бүлээ орхиод гарсан монголчуудын тоотой бараг тэнцэж байна.
ТЭДНИЙ ТӨЛӨӨ ТЭДНИЙГЭЭ БУЦААЖ ЭХ ОРОНД НЬ АВЧИРАХЫН ТӨЛӨӨ ТА БОЛОН ТАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЮУ ХИЙСЭН БЭ. ЮУ ХИЙХ ВЭ…
Монгол хүн яагаад Монголдоо сайхан амьдарч чадахгүй байна вэ. Монгол хүн Монголдоо зовохын учир юу вэ. Монгол хүн эх орондоо ажиллаж амьдарч чаддаггүй харин харийн оронд очоод сайхан амьдарч чаддагийн шалтгааныг та хайсан уу. Энэ бүхэн энэ төрийн алдаатай бодлогоос үүдсэн гэдгийг өнөөдөр бүгд мэднэ.
Та бизнес эрхлэгчдийн эрх ашгийг их ярьж байна. Тэгвэл танай Засгийн газраас одоо хийх гэж буй ЕвроАзийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж буй Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг зүй нь та дэмжихгүй байх ёстой биш үү. Үндэсний үйлдвэрлэгчдээ 100, 100 мянгаар нь дампуурлын ирмэг рүү шидэх гэж буй энэ хэлэлцээрээ зогсоогооч гэж бизнес эрхлэгчид хэвлэлийн бага хурал хийлээ, Эдийн засгийн байнгын хороны даргатай уулзлаа. Та дуугүй л байлаа.
Сүүлийн үед эрхэм сайдыг дэмжиж байгаа зарим хүмүүс “Гадаадаас ажиллах хүч авчраад л Монгол улс хөгжих байсан юм.” гэцгээх болов. Тэд ганцхан сарын өмнө “Халамжаа зогсооё. Ажлын байр нэмж ард иргэдээ ажилтай орлоготой болгоё” гэцгээж байсан. Тийм бол монгол хүнийг ажлын байртай болгож эх оронд нь ажилуулах талаар юу хийв ээ… Юу ч хийсэнгүй. Харин одоо бүүр “Монголчууд ажил хийж чадахгүй. Оронд нь гадаадаас ажиллах хүч оруулж ирээд сайхан хөгжицгөөе” гэв. Үг үйлдэл үзэл бодол нь тэнгэр газар шиг ялгаатай ийм хүмүүсийн балгаар өнөөдрийн бодит байдал үүссэн юм аа. Монгол хүнийг төр засаг нь нохойноос дор үзчихээд улсаа хөгжүүлнэ гэж юу ярина вэ.
Эцэст нь би Л.Энх-Амгалан сайдаас асууя. Та Монгол хүн мөн үү. Та Монгол Улсын сайд мөн үү. Та Монгол Улсын Их хурлын гишүүн мөн үү. Мөн бол таны үндсэн үүрэг монгол иргэнээ эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдруулах боломжийг бий болгохын төлөө оюун ухаанаа дайчлан ажиллах ёстой. Чадварлаг , боловсролтой, ухаалаг, хариуцлагатай олон монгол боловсон хүчин та нараас болоод эх орондоо ажиллаж, амьдарч, ахин дэвшиж чадахгүй чадахгүй харийн оронд дүрвэж яваа гэдгийг бүү март. Таны санаачилсан хууль бол Монголын гэр бүлийн элэг бүтэн байдал, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн хамгааллын эсрэг хийж буй терорист үйлдэл мөнөөсөө мөн. Эрхэм гишүүн Та хуулийн төслөө оройтоогүй дээр нь татаж авна уу” гэв.
Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсанд дараах тайлбарыг тодруулжээ.
Л.Энх-Амгалан: Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй
Тэрбээр “Миний бие Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Хуулийн үзэл баримтлалыг бүрэн ойлгохгүйгээр, иргэдэд буруу мэдээлэл түгээж, зорилттойгоор талцуулан, турхирч байгаад харамсаж байна.
Тус хуульд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдыг квотгүйгээр оруулж ирэх, 288 мянган хятад иргэд оруулж ирэх тухай нэг ч заалт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье.
Энэ бол ганцхан Л.Энх-Амгалангийн хууль биш. Хамтарсан Засгийн газрын бүх гишүүн дэмжиж, УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл юм гэжээ.
Хуульд дараах заалтыг тусгасан байна:
-Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг эдийн засаг, бүтээн байгуулалтын бодлого, чиглэлийг харгалзан ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООХ,
-Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛЖ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭРЛЭХ,
-Гадаад ажилтны ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХДОО ТУХАЙН ЖИЛИЙН ТӨСӨВ БАТЛАГДСАНЫ ДАРАА БУЮУ ЖИЛ БҮРИЙН ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТОДОРХОЙ БОЛСНЫ ДАРАА шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа тул уг тоо, хувь хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР ЭЦЭСЛЭН БАТЛАХ;
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад улсаас ажилтан авч ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэхэд гардаг АВЛИГА, ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАХ, цахимжилтийг сайжруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.
-Хуулийн төсөл нь БИЗНЕС ЭРХЛЭЛТ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр ГАДААД АЖИЛТНЫ КВОТЫГ ЗАСГИЙН ГАЗАР ЖИЛ БҮР ТОГТООХ ЗОХИЦУУЛАЛТ ХЭВЭЭР БАЙГАА. Тиймээс энэ зохицуулалтыг огт хөндөөгүй.
-Томоохон аж ахуйн нэгжүүд одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бол энэ удаагийн өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХОМСДОЛД ХАМГИЙН ИХ ӨРТӨЖ БАЙГАА ЖИЖИГ, ДУНД АЖ АХУЙ НЭГЖИЙН ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ЗАРДЛЫГ БАГАСГАХ, дэмжих бодлого болно.