“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан.

Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна.Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэв.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тэрбээр, “Транс- Азийн төмөр замын сүлжээний  тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр “-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025.04.01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцыг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ, хэрэгжих тодорхой үечлэл, хугацааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат транзит тээврийн үнэ өртгийн талаар, зорчигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн  хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хэчнээн ажилтан, албан хаагчид ажилладаг талаар тодруулан асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа, Д.Ганбат нар хуулийн төслийг  дэмжиж байгаагаа илэрхийлээд, далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын гэрээ, хэлэлцээр нь зөв зүйтэй  бөгөөд цаашид экспортын бодлого, худалдааны бодлого, эдийн засгийг илүү бэхжүүлэх  бодлогод анхаарч идэвх, санаачилгатай ажиллах, төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, цахилгаан галт тэрэгтэй болох боломж нөхцөлийг судлах, транзит тээврийн асуудлыг нарийн төлөвлөж,  боловсруулах шаардлагатай талаар үг хэлсэн гээд тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл  нар асуулт асуув. Тухайлбал, шинээр төмөр зам тавих талаар Засгийн газар ямар бодлого баримталж буй талаар болон Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн тухай асуусан. Эдгээр асуултад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж буй улсынхаа төмөр замын царигт тааруулан төмөр замаа барих нь зүйтэй гэж үзэж байна. Улаанбаатар төмөр зам 75 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ цаг үеийн шаардлагаар төмөр замаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай. Анх байгуулагдахдаа тухайн газарт ажиллаж буй ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг, сургууль, соёлын төв зэргийг байгуулсан учраас бүтэц, бүрэлдэхүүн нүсэр байгаа юм. Олон иргэдийг ажлын байраар хангаж ирсэн гэж хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэхүү хуулийн төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээд  гадаад, дотоодод өргөн сүлжээтэй төмөр зам барих талаар санаачлагатай ажиллахыг хүслээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан энэ хүрээд өндөрлөж, тус хуулийн төслийг баасан гарагийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.