УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.11) нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы Пүрэв гарагийн (2025.04.10) нэгдсэн хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явууллаа.
Ччуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцуулаад, нийт гишүүний олонх буюу УИХ-ын 64 гишүүн дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдана гэдгийг дурдав. Ингээд “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 53 гишүүн дэмжив. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Энэ хуулийн 44.2-т зааснаар хуулийн төслийг эцэслэн батлах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдаг.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолыг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо 2025.04.09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй байна. Иймд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасан байна. Энэхүү горимын саналыг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.
Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Эрдэнэболд, Б.Уянга нар асуулт асууж, төсөл санаачлагч болон Хууль зүйн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Өмгөөллийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн дурдаад, өмгөөлөгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлагын талаар судалсан эсэхийг тодруулав. Өмгөөллийн тухай хуулийг өөрчлөх асуудал олонтаа хөндөгддөг гэдгийг Г.Уянгахишиг гишүүн хэлээд өмгөөлөгчийн давхар ажил эрхлэлтийн асуудал, шүүх хуралд прокурортой эн тэнцүү оролцох эрх зүйн орчин хангагдсан эсэхийг зайлшгүй эргэн харж, боловсронгуй болгох шаардлага бий, үргэлжлүүлэн ажиллана гэлээ. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг УИХ-ын 71 гишүүн дэмжин баталлаа.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ынэ дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу, тодорхой цаг хугацаанд хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын бүлэгт харьяалагддаг болон аливаа бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааныг тодорхой цаг хугацаатайгаар товлон, хуралдуулдаг зарчим баримтална. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг гишүүдэд тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ оруулаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт хариуцлагатай оролцдог байх шаардлага тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв.
Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу унасан саналыг босгохоор олон удаа горимын санал гаргаж, удаа дараа санал хураалган асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудалд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандаж, Улсын Их Хурал ард иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна” гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэсэн. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.