Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад 3 дугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн.

Сүүлийн дэгдэлт энэ сарын 8-нд бүртгэгдсэн бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компаний 800-аад уурхайн ажилтан өртсөн байна. Энэ сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.

Тус уул уурхайн компаниудад 4-р сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн Эрүүл мэндийн газрын салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна.

Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн иржээ.

Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.