Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир багшийн “сул орон тоо”, “дутагдал”, “хангалт” гэсэн гурван ойлголтыг ялгаж харах ёстойг сануулаад, сүүлийн 10 жилд сурагчдын тоо 53.2 хувиар өссөн бол багшийн тоо 37.3 хувиар өсөж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 18.8-аас 21 болж нэмэгдсэнийг танилцуулав.
2025-2026 оны хичээлийн жилийн төгсгөлд 3954 сул орон тоо бүртгэгдсэний 76 хувь нь хүүхэд асрах чөлөө, тэтгэвэр, шилжилт хөдөлгөөнөөс үүдсэн бол үлдсэн хэсэг нь хүүхдийн тооны өсөлтөөс шалтгаалсан шинэ ажлын байрууд болохыг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлж, математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байгааг хэлсэн юм. Харин сургуулийн өмнөх боловсрол, бага анги, нийгмийн ухааны хичээлүүдийн багш нар илүүдэлтэй болох төлөвтэй байна гэлээ.
Нийслэлийн 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд үг хэлж, байгалийн ухаан, англи хэл, технологийн багш хамгийн хомсдолтой байгааг яриад, багшийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах нэгдсэн цахим систем бий болгох санал гаргалаа. Бас тэрбээр багш бэлтгэх сургуулийн англи хэлний шаардлагыг чангатгах, багшийн нэр хүнд, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Мөн 42 дугаар сургуулийн түүхийн ухааны багш н.Одбал тогтвортой ажиллах нөхцөлийг орон сууцтай шууд холбоотой гэж үзэж байгаагаа өөрийн жишээгээр ярьж, ипотекийн болон зээлийн нөхцөлийг багш нарт илүү хүртээмжтэй болгох нь зүйтэй гэв. Сургуулийн өмнөх боловсролын салбарт хүний нөөц харьцангуй тогтворжиж байгаа ч шинэ төгсөгчдийг ажлын байранд дахин сургаж дадлагажуулах хэрэгцээ өндөр хэвээр байгааг 246 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг хэлж, төгсөх курсийн оюутнуудыг бүтэн жилээр дадлагажуулдаг тогтолцоонд шилжих боломжтойг санал болгов.
Боловсролыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ж.Галбадрах улсын хэмжээнд 6354 багш дутагдаж байгаа гэсэн тооцоо гаргаснаа танилцуулж, өнөөдөр багш нарыг илүү цагаар ажиллуулах, тэтгэвэрт гарсан багш, оюутан багш нараар нөхөх зэргээр ажиллаж байгаагаас бодит хомсдолыг бүрэн илэрхийлэх боломжийг хааж буйг дүгнэсэн юм. Мөн багшийн мэргэжлээр суралцах өндөр оноотой элсэгчдэд цалинтай сургалт, гадаадын их сургуульд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зэрэг тусгай дэмжлэг хэрэгтэйг тэрбээр хэлж, мэргэжлээрээ ажиллахгүй байгаа төгсөгчдийг буцааж авчрах хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх цаг болсныг тэмдэглэв.
