За уучлаарай, МАН-ын Бага хурлын 369 гишүүн өнөөдөр хуралдаж хамтарсан Засгийн газар цаашид оршин тогтнох уу, үгүй юу гэдгийг шийднэ гэнэ эээ. Зүгээр л ёс зүйн хариуцлагаа хүлээгээд, өөрөө огцрох саналаа өгөөд болчих асуудлыг Хамтарсан Засгийн газрын хувь заяагаар шантаажлаад гүйж яваа энэ хүнээс цаг хугацаа өнгөрөх тусам их юм гарна ааа, бид улс орноороо тэр жүжгийг нь үзэх болно.
Огцорсон ч өөрөөс нь хөрөнгө орлогын тайлбар шаардсан бүх хүнийг Хэро брэндийн махны машинд ээлж дараалан оруулна, сошиал дүүжлүүрт хаяж өгнө. Дараагийн Ерөнхий сайд хэн ч байсан хэдэн хэсэг тасчиж хаяна. Өнөөдөр Бага хурлынх нь үеэр хоёр, гурван өөр жагсаал болно, түрхэрч хоорондоо зодолдоно, төрөө татаж унагааж, түмнээ хөлдөө чирнэ. Огцрох байтугай орлогоо нотолж, тайлбар хийх зориг байхгүй.
Брэндийн цүнх, түрээсийн нисдэг тэрэг, тэрбумын машинаас эхэлсэн асуудлыг Засгийн газрынхаа хувь заяа болгон хувиргаж чадлаа, бид бүгд харлаа. Одоо илүү ч ихийг үзнэ, намын байраа нураагаад, төрийн ордны хаалганы бариулаас зүүгдээд уйлна. Нөгөө хажууд нь зогсож байсан хүн толгойгоо маажих гээд гараа өргөнгүүт цочсондоо айж хашгираад, цагдаа дуудаад, хэрүүл зарга үүсгээд, гэмтлийн зэрэг тогтоолгоод, хэрэг хүлээлгэдэг хүн шиг аашилна.
Ардын намынхан харж авцгаа, энэ бяцхан дарангуйлагчийн асуудал хөндөгдөнгүүт Хэро баг, Жэнок баг хөгшин залуугүй бүгд хөдлөөд, улс тарааж хаях дөхөж байгаа биз? Ардын нам юу ч биш болсныг, Ардчилсан нам тоглоом байсныг, Ардын төр ганц хүн болсныг илчлээд өгч байна аа даа.
Болоогүй байна аа, баг дөнгөж л хууларч байна. Энэ хүн хэд ч хувирсан хамаагүй, ганц л шаардлагаа бариад тулгаад байх юм шүү, УИХ-ын гишүүн гуай та орлогоо нотол!
Сэтгүүлч Р.Эмүжин
