Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Тайлангийн талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Байнгын хорооны нийт 238 тогтоолын 1044 заалт бүртгэлтэй байгааг дурдаад 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, УИХ-ын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46 хувь, Төсвийн байнгын хорооны хороонд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт 47.6 хувьтай үнэлэгдсэнийг тодотгож байлаа.

Энэхүү үнэлгээний тайланг дүгнэн үзэхэд, УИХ-ын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний системд 2016-2025 онд Монгол Улсын хуулиар Засгийн газарт үүрэг чиглэл болгосон нийт 161 хуулийн 756 зүйл, заалт, УИХ-ын 163 тогтоолын 914 заалт, Байнгын хорооны 114 тогтоолын 916 заалт, нийт 438 шийдвэрийн 2586 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа талаараа 2025.09.29-ний өдөр албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. Үүнээс Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 13 хуулийн 64 хэсэг, заалт, УИХ-ын 25 тогтоолын дангаар буюу хамтран хэрэгжүүлэх 158 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 32 заалт буюу нийт 39 шийдвэрийн 235 заалт хяналтад байгаа талаар ирүүлсэн. Гэтэл Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний цахим систем, Төсвийн байнгын хороонд 3 хуулийн 4 хэсэг заалт, УИХ-ын 10 тогтоолын 43 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 10 заалт хяналтад байна. Энэ нь улсын хэмжээнд бүртгэлтэй хяналтад авсан эрх зүйн акт түүний хэсэг, заалтын бүртгэл нэгдсэн байдлаар байхгүй, систем хооронд интеграц хийх боломжгүй байгаатай холбоотой гэдгийг онцлов.

Энэ нь УИХ-ын тогтоолоор болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, хяналтад аваагүйтэй холбоотой тул цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

Монгол Улсын хуулийн холбогдох заалтаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас захиргааны актыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон 133 заалтаар журам 89, дүрэм 3, аргачлал 14, стандарт 4, жагсаалт 6, шалгуур үзүүлэлт 6, тавигдах шаардлага 3, норматив 2, жишиг 2, бусад 22 нийт 151 баримт бичиг батлахыг үүрэг болгосон байдаг. Үүнээс Засгийн газар 34, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 16, Боловсролын яам 10, Эрүүл мэндийн яам 10, бусад 18 байгууллага 81 захиргааны хэм хэмжээний актыг баталж мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь захиргааны акт батлагдах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээг дутмаг авч хэрэгжүүлж байгаатай шууд холбоотойг танилцуулгад дурдсан байлаа.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан гишүүн Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль, тогтоолын биелэлтийг хангуулаагүй, хэрэгжилтэд хяналт тавиагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг лавлаад УИХ-аас баталсан шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, төсвийн үргүй зардал өндөр байгаад Засгийн газар цаашид онцгой анхаарах шаардлагатай талаар санал хэллээ.

Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Байнгын хорооны 2025.10.22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Харин УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нарыг хасаж, гишүүн Ц.Туваан, Б.Түвшинг, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатарыг хасаж,  гишүүн Ц.Баатархүү, Б.Бейсен нарыг оруулахаар нэрс ирүүлсэн тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ дагуу  гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татсан бол гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нар ажлын хэсэгт үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Иймд энэ талаарх  нууц санал хураалтыг тус тус явуулав.

Ингээд тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн  Д.Үүрийнтуяа ахалж, Б.Бадамсүрэн, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.