Жил бүрийн өдийд шатахуун тасалдаж салбар хариуцсан сайдын шандсыг сорьдог боллоо. Төсөв хэлэлцэх, тэр энэ суудалд хүнээ багтаачих гэсэн бүлэглэл хоорондын зодоон ч зэрэгцдэг цаг тул шатахууны хомсдлын суурь шалтгааныг олж шийдвэрлэх гэхээсээ уур уцаараа гаргадаг, хэрүүлийнхээ буруутнаар нэрлэн нефть импортлогчдоо балбадаг болов. Хүүхэд уйлахаараа, хөгшин хүн үхэхээрээ айлгадгийн адил тусгай зөвшөөрлийг цуцална гэх ёдор зангаа гаргана.

Шатахуун, нефть гэдэг хэн хүссэн нь цуцлаад, хэн хүссэн нь оруулж ирээд шаглаад суудаг бараа таваар биш гэдгийг адгийн тэнэг ч мэдэхтэйгээ. Ялангуяа оросуудтай хэл амаа олж, олон жилийн түншийн харилцаа барина гэдэг саагисан бүхний хийчихдэг ажил биш юм. Жил бүрийн өдийд шатахуун тасалдах гээд байдгийн шалтгааныг олж шийдэх, үүн дээр нэмээд хойд хөршийн дайн дажинтай, дотоодын асуудалтай цагаар балга болтугай бензин чирч ирээд байгаа импортлогчдодоо талархаж дэм болохын оронд харааж хардан хамаг муугаар зүхэн зандчих, элдэв эсийн шалтгаар амандаа багтсан дүнгээр торгож овилгогүйтэх ТӨР, ЗАСАГ хичнээн харгис, хичнээн муухай харагдана вэ… Гадны улс орноос, гадны улс орны Монголд төлөөлөн суугаа элчин, дипломатуудаас ичдэггүй юм уу?!

Өөрсдөө үйлдвэрлэдэггүй, өөрсдөө боловсруулдаггүй бүтээгдэхүүнд үнэ тогтоосон явдал шатахуун тасалдах, шатахуунгүй ТЭГ зогсч мэдэх цор ганц шалтгаан гэдгийг энгийн иргэн ч ойлгоод хэлээд байна, эрхэм эрх баригчид аа!!!

Үнэ чөлөөлөхөөр тодорхой хэмжээнд үнэ нэмэгдэх нь нэг дээр нэгийг нэмээд хоёр гардаг шиг ойлгомжтой зүйл. Гэлээ гээд AИ95, АИ98-ыг давсан, дааж дийлшгүй үнэтэй болно ч гэж юу байх билээ. Хойд урд хөршид хоёуланд нь АИ92-ын үнэ хэдтэй байгааг мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий сууж, хөдөлгөж болохгүй үнэ хэмээн чичирдгээ болих цаг нэгэнт болсон. Эрт орой, аль нэг Засгийн газар шийдэж л таарах асуудал. Үнэ чөлөөлж үнэ нэмэгдвэл огцорчихвий гэх эмээлт айдсаа орхиод чөлөөлж, шатахууны гачлангаас ажил албаа алдан бухимдах иргэдийг бухимдлыг нэг тийш болгож өгөх нь хамгийн зөв шийдвэр юм.

Нефтийн үйлдвэргүйгээс 100 хувь импортлодог атлаа дотоодод зарах үнийг оруулж ирсэн үнээсээ доогуур байлгах бодлого барьдаг гэхээр хэнд ч тэнэг, ичмээр санагдана. Хичнээн улсын эрх баригчид биднийг шоолж, өрөвдөж суудаг бол?!

ОХУ гэх нийлүүлэгчийг харж, тэнд ханиахад энд найтаасаар удаж байна. БНХАУ-аас шатахуун импортлодог, цаашдаа импортлоно гэх ч үнийн бодлогодоо өөрчлөлт хийхгүй бол нийлүүлэлтийн хэмжээнд өөрчлөлт орох ч үгүй. Тиймээс, тэндээс ч эндээс ч хямд шатахуун хайж хямарч байснаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх чөдөр тушаагаа яаралтайгаар эргэж харах нь зүй биз. Бүтэн 12, 13 жилийн өмнөх бодлогод өөрчлөлтийн салхи оруулахгүй байна гэдэг гутам юм.

2013 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажилладаг байхад Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Роснефть, БНХАУ-ын Чайна Ойл компаниудаас худалдан авдаг шатахууны үнийг газрын тосны олон улсын биржийн үнэд суурилан тооцдог болсон. Үүнийгээ нийлүүлэгч талаас шалтгаалах үнийн өсөлтийг хязгаарлах, үнийг тогтвортой байлгах, үнийг таамаглах боломж хэмээн мэдэгдэж байсан ч энэ нь цаг үе, бөмбөрцгийн үйл явдлыг даган хувьсан өөрчлөгдөж байхгүй бол болдоггүй юм байна гэдгийг эрх баригчид эрхбиш мэдэрч, харж буй биз ээ. Тухайн үеийн эрх баригчид эл шийдвэрийг гаргахдаа тун удахгүй бид өөрсдөө нефть үйлдвэрлэдэг, боловсруулдаг болчихно гэх итгэл үнэмшлээр хийж байсан байх. Харамсалтай нь бид үйлдвэртэй болж чадсангүй. Харин энэ хугацаанд нефть нийлүүлэгч хойд хөрш дайнтай, дотооддоо шатахууны асуудалтай болчихлоо. Тэгэхээр хүссэн хүсээгүй Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх богцтой асуудал руу орж, иргэд олон түмэндээ үнэн мөнийг тайлбарлаад өөрчлөхөөс өөр аргагүй юм.

Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ тасралтгүй өсч, хичнээн чамбай импортлогч ч алдагдал хүлээн сөхрөхдөө хүрч байхад Төр, Засгийн газар нь тулж түшихгүй юм бол улс орон гэж цээжээ дэлдээд яах билээ.

Тэгээд ч түлш шатахуун хомсдож, түмэн олон бухимдаж амьдрахад ТӨР өөрөө, тухайн үеийн эрх баригч нэртэй би чадначууд буруутай гэдгийг хэлэх хэрэгтэй. АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэн АИ92 шатахууны үнийг тогтворжуулна хэмээн Би Ди Өү Интернернэйшнл гэх компанитай гэрээ байгуулж байсныг энд жишээгээр татан санах нь зөв байх. Монгол Улс эрсдлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн ч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүй, хөрөнгө оруулагч ховор, Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэрэг олон гоё шалтаг тоочоод Би Ди Өү Интернернэйшнл ХХК-тай хамтран тодорхой хугацаанд АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгана гээд гэрээ хийж байсан. Ингэхдээ Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна гэсэн хэсэг хэрэгжих боломжтой боллоо хэмээн сүржин зарлаж байсныг уншигчид мартаагүй байх.

Өнөөдөр энэ гэрээ, эл компани хаачив?!

АИ92 шатахууны үнийг тогтвортой байлгана хэмээн АМГТГ-тай, Засгийн газартай хийсэн эл гэрээ, эл цээж дэлдэлтээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж үзсэн ч буруутахгүй. Тийм байтал энэ мэт БИ ЧАДНАчуудын хийрхлээс болж амсч буй бодит хохирлуудаа нефть импортлогчид нэхэж чаддаггүй хэрэг үү. Хатуу хүнд салбарт хэдүүлхнээ зүтгэж байгаа атал нэгдэж нийлж чаддаггүй, ганц нэгээрээ эрх баригчдын хормой хотноос зүүгдэн илүү харж билүү долоодог чанартаа цэг тавьж, асуудлаа айж эмээлгүй гаргаж ярилцах цаг болоогүй юу?! Нэг талаас огцрохоос айсан эрх баригчид, нөгөө талаас нэгдэж нийлж асуудлаа ярьж чаддаггүй импортлогчдоос болж улс орон, олон нийт хэдий хүртэл хохирсоор бухимдсаар суух вэ. Нефть импортлогчдын цаг мөнгөө золин дэмждэг Худалдаа аж үйлдвэрийн танхим ч ийм цаг үед, ингэж тулсан асуудлынх нь төлөө үгээ хэлдэггүй юм бол цаашид байх, байлгах хэрэг бий юү?!

ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас үүдэлтэй Роснефть компаниас нийлүүлдэг шатахууны хэмжээ эрс багассан байхад улсаараа санаа зовж, шийдэл хайхгүй гээд яалтай. Тус улс өнгөрөгч наймдугаар сард шатахууны экспортдоо хориг тавьчихсан. Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү цохилт өгч, улмаар Кремль шатахуун экспортлохыг хориглосон байгаагийн хэтийн үр дагавар бидэнд ирнэ гэдгийг тооцохгүй импортлогчдоо нүдсээр байх нь шившиг юм.

Үе үеийн засгийн газар, салбар яамдад улстөрийн зориг дутаж ирсэн ч энэ удаад шатахууны үнийг чөлөөлж, чөлөөт зах зээлийн үүдийг нээхээс өөр гарц үгүй. Нефть нийлүүлэгч орны дотоод нөхцөл байдал үүнийг хийхээс аргагүйд хүргэж буйг учир ойлгох бүхэн мэдэж, хүсч байгаа гэхэд ташаарсан болохгүй. ТЭГ зогсохыг, ажил амьдралаа алдан өдөржин шөнөжин шатахуунд дугаарлахыг хэн хүсэх билээ.

Алслагдсан аймаг сумдад хүргэх тээвэр, ажиллах хүчний зардлаас эхлүүлээд удаан хугацаанд алдагдал хүлээсэн импортлогчид үе үе тэсрэлт хийж үнээ нэмэхэд Засгийн газар нүдээ аниад нэг хоёр удаадаа чимээгүй өнгөрчихөд болохгүй гэх газаргүй.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед мэр сэр бага багаар нэмэгдэж байсан ч тэд дуугүй байсан байх. Олон улсын нөхцөл байдлыг үнэлж дүгнэж чадаж байсан учраас тэр биз.

Г.Занданшатар ч энэ хүнд цаг үеийг Л.Оюун-Эрдэнээс давж тооцно уу гэхээс дутуу тооцох нэгэн уг нь биш. Гадаад харилцааны сайдаар ажиллаж гадаад дотоодын нөхцөл байдалд нүүр тулж явсан давуу тал түүнд бий. Дээр нь нэмээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиас ажлын гараагаа эхэлсэн сайн эдийн засагч, санхүүч хүн.

Түүний тэргүүлсэн Засгийн газрын үед л 12 жилийн өмнөх Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг эргэж харах, цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн уян хатан болгох, ялангуяа дотооддоо үйлдвэрлэдэггүй, боловсруулдаггүй бараа бүтээгдэхүүн дэх мулгуу шийдвэрүүдийг засдаггүй юм бол өөр хэзээ ч биш байх.

Ард олонд таван төгрөгийн наад цаадтайх үнэ бус, ажил амьдарлаа тасалдуулалгүй залгуулж байх шатахууны хангалт нийлүүлэлт л чухал юм.

Тэрчлэн нөөцийн сав бүрдүүлнэ, нөөц татна хэмээн ТӨР оролцох гэхээсээ илүү сав бүрдүүлэхэд нь, нөөцтэй байхад нь дэмжлэг үзүүлэх л хамгийн зөв шийдвэр болно. Эс бөгөөс улстөрийн тогтворгүй байдлаас болж стратегийн чухал салбаруудад БИ ЧАДНАчууд даргаар, сайдаар ирж холион бантан хутгадаг АЮУЛ бийг мартаж болохгүй. Галаар тоглож болохгүй ээ гэдэг… Нефть гэдэг Уул уурхай эрдэс баялгийн салбарт түр суугаад босох намчдын, цүнх баригчдын мэдэх, оролддог бараа таваар биш юм. Энд хэн хүссэн нь хүрч өөрчилж, зоргоор наадаж болдоггүй бодлого шийдвэр, дэг журам хэрэгтэй. Тэндэх тусгай зөвшөөрөл архи тамхины зөвшөөрөл шиг амандаа орсон нь цуцална гэж айлгадаг хадны мангаа, эмзэг сул дорой бичиг цаас төдий байж болохгүй. Монгол төрийн дархлаа хүчирхэг, бие даасан аж ахуйн нэгждээ оршдгийг намчин, цүнх баригчид, цаг зуурын сайд дарга нар хатуу санаж байх нь зүй юм.

Гал тасалдвал амьдрал тасалдана.

Огнеопасно!!!