Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2026.04.20-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо 2026.04.29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гишүүдийн хүсэлтийн дагуу Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох нэмэлт мэдээллүүдийг авсан болохыг Г.Тэмүүлэн дарга танилцуулсан.
Өнөөдрийн хуралдаанаар гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Өмч, хөрөнгө шилжүүлэхтэй холбогдолтойгоор эдэлбэр газрыг ашиглах 99 жилийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс нь тооцох уу гэдгийг Ч.Анар гишүүн асуулаа. Хоёр улсын олон улсын хэлэлцээр 2019 онд байгуулагдсан ба үүн дээр үл хөдлөх хөрөнгийн I шатны хэлэлцээрийг соёрхон батлахдаа 60 дээр нэмэх нь 40 жил гэж баталсан байна.
Өөрөөр хэлбэл, эхний удаа 60 жил, үүнийгээ 40 жилээр сунгах зохицуулалттай хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тайлбарлав. Тухайн үедээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан эл зохицуулалт өдгөө өөрчлөгдсөн учраас энэ хугацаанд хамтарсан ажлын хэсгийн хурлуудын үеэр олон талаас нь ярьсан гэлээ. Үүн дээр Иргэний хуулийг баримтлаад 99 жил хэмээн тусгах шийдлийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсний дагуу шийдсэн гэдэг хариулт өглөө. Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтан үүнийг тайлбарлахдаа “Газрын тухай хуулиар тусгай хэрэгцээний газар гэж байгаа.
Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд нь тусгай хэрэгцээний газар ашиглах болохоор, УИХ-ын соёрхон баталсан гэрээний журмаар ашиглана гэсэн байдаг. Энэ хэлэлцээрийн төслийн эхний хэсэгт 60+40 жил гэснийг баримтлахаар ярилцсан ч Иргэний хуулийг баримтлах нь зүйтэй гэдэг гаргалгаа хийсэн” хэмээсэн. Энэ хэлэлцээрийн төсөл нь өмч хөрөнгө шилжүүлэхээс гадна газар ашиглуулах, ингэхдээ хэлэлцээр соёрхон баталснаас хойш 99 жил гэж тооцохоор байгааг Ч.Анар гишүүн тодотгож, анх объект ашиглалтад орсноос нь хойш 99 жилээр тооцохоор хэлэлцээрт орох боломжийг тодруулсан. Иргэний хуулийн 150.3 дугаар заалтыг баримталсан бөгөөд өөрчилж болно гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Монгол Улсын гадаад улс орнуудад эзэмшиж, ашиглаж байгаа газрын талаар тодрууллаа. Энэ бүртгэгдэх гэж байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь тусгай хэрэгцээний буюу дипломат статусгүй үл хөдлөх хөрөнгүүд учир хоёр улсын олон улсын гэрээ хэлэлцээрээр эзэмшиж байгаа газар, объектоос ялгаатай гэдгийг Гадаад харилцааны дэд сайд хариултынхаа эхэнд хэллээ. Манай улсын дипломат статусаар гадаад улсад эзэмшиж байгаа барилга байгууламж, газрыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байдаг бол Засгийн газар болон хувь иргэний гадаад улсад эзэмшиж байгаа өмч нь тухайн улсынхаа хууль тогтоомжоор зохицуулагддагаараа онцлогтой байдаг байна.
Монгол Улсын төрийн өмчийн 2022 оны тооллогын дүнгээс харахад Оросын Холбооны Улсын Кизель, Тува Улсын Ерөнхий консулын газар нь 865 м2, мөн Эрхүү хотод байгаа Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь 1754 м2, Улаан-Үүд хотын Ерөнхий Консулын газар нь 3850 м2 газартай гэв. Москва хотын дөрвөн байршилд мөн газартай хэмээгээд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Өөрсдийнхөө нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан, биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлтэй байгаа гэлээ. Монгол Улсын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд гадаад улсуудад нэр бүхий 26 газар нийтдээ 62371 м2 газар Монгол Улсын Элчин сайдын яамдын нэр дээр байдгийг дурдсан. Эдгээр нь ЗХУ-ын үед эзэмшиж байсан хөрөнгүүдээс зарим хэсгийг Монгол Улсын эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлээд, үлдсэн хэсгээ өдгөө өөрсдийн нэр дээр албан ёсоор шилжүүлэн авч, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ашиглах зохицуулалтыг хийх гэж байгаа гэдгийг Ж.Энхбаяр гишүүн тодруулаад Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтыг тодрууллаа. Энэ хүрээнд цэргийн ангиудын байршилд байсан хөрөнгүүдийг 1993 онд шилжүүлсэн бол 2019 онд Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүрэг болон Дархан-Уул аймагт байрлалтай нийтдээ 550 айлын орон сууцны 8 байрыг холбогдох инженерийн болон цахилгааны дэд бүтэц, холбогдох бусад хөрөнгөтэй нь шилжүүлэн авсан гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Тулга, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч хэлэлцээр дуусгавар зохицуулалтыг тодорхой болгон гэрээг шинэчлэх тодорхой хугацаа зааж, мөн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд өмчлөл нь Монголын талд шилжих заалт оруулахыг санал болгов. Мөн Иргэний хуулийг баримтлан 99 жил ашиглуулах зохицуулалт нь оновчгүй, үүнийг Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Мөн тэрбээр Оросын Холбоон Улс ашиглаж буй газраа гурав дахь этгээдэд шилжүүлэх тохиолдолд хэрхэн зохицуулах талаар асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хэлэлцээрийн хавсралтад нийтдээ 93 обьектын жагсаалт байгаа бөгөөд үүний 50 орчим хувь нь амины орон сууц гэдгийг Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтан тайлбарлалаа. Эдгээр амины орон сууцуудыг Оросын Холбооны Улсын тал албан ёсоор шилжүүлэн авсныхаа дараа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой буюу зах зээлийн үнээр монгол иргэд, эсхүл гурав дахь этгээдэд худалдах, түрээслүүлэх боломжтой болно гэдгийг хэлсэн.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Гадаад харилцааны яам гишүүдийн хэлж буй санал, байр суурийг анхаарч ажиллахыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлээд, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон батлах асуудал гэдгийг тодотгов. Ингээд санал хураалт явууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг санал хураалтад оролцсон 17 гишүүний 10 нь дэмжсэн.
