Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Тус газраас энэ оны эхнээс өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үнэ бүрдэлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, хяналт шалгалт хийх Ажлын хэсэг ажиллаж байна.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, бөөний болон жижиглэн худалдаанд үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, өрсөлдөөнийг хязгаарласан болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулсан зөвлөмжийг хүнсний сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төв, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид хүргүүлжээ.
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.
