ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ
Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй байгаа хуулийнхан байна, зарим нь ард түмний нүдэн дээр арай ч гэмээр ял шийтгэл ноогдуулж, цагаатгаж гаргаж байгаа хуулийн бас байна гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хэлдэг оргүй үг биш.
Олон нийтийн зүгээс ч хууль шүүхийнхэнийг ингэж хардаг болсон. Бүр мөрдөн байцаах газар, АТГ-аас шалгаж гэмт хэрэг хэмээн үзэн боож, шилжүүлэн прокуророос яллах дүгнэлт бүхий саналаа шүүх рүү оруулахад Шүүх дээр хэрэг болдоггүй замхардаг, ял завшуулдаг байдал хэвийн үйл явдал мэт болсоор байна.
Энэ удаад бид Эрдэнэтийн 24500 иргэнийг хохироосон, эдгээр иргэдийн хувь эзэмшдэг байсан “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хууль шүүхийн байгууллагыг оролцуулан луйврын шинжтэйгээр хувьцааг нь авсан байж болзошгүй МАШ НОЦТОЙ мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Асар олон будлиантай, хуудуудтай мэдээлэл, залилан луйварын шинжтэй үйлдлүүд энэ бүхний цаана явагдсан тул мэдээллийг нэг дор бүгдийг нь хүргэх боломжгүй учир ЦУВРАЛААР хүргэх болно.
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-Д ИТГЭЖ ОВООЛГОО ӨГЧЭЭ
Анх “Зэс эрдэнийн хувь” ХХК 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн шорон овоолгыг дахин боловсруулах үйлдвэр барьж ашиглах зорилготойгоор байгуулагдаж, 1 ширхэг хувьцаагаа 100 төгрөгөөр зарлаж худалдаж эхэлсэн. Улмаар 2013 онд нэгж хувьцааны үнэ нь 1000 төгрөг болсон байдаг. Эрдэнэтийн иргэд ёстой нөгөө “хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь хөлхөж” гэдэг шиг 1000 төгрөгөө бариад “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцааг 24500-уулаа худалдан авсан гэдэг.
Энэ дагуу “Зэс эрдэнийн хувь” ХХК-д тухайн үед 600 сая төгрөг хуримтлагдсан аж. Үүнийг нь тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг захиран зарцуулж, улмаар удаа дараа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хандаж, шорон овоолгоо ашиглуулах хүсэлт гаргасны дараа 2013 онд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ИТХ, “Зэс эрдэнийн хувь” ХХК зэрэг байгууллагууд “Хагас үйлдвэрийн туршилт”-ын ГУРВАЛСАН гэрээ байгуулан, тус гэрээний дагуу “Зэс эрдэнийн хувь” ХХК, Эрдэнэт үйлдвэрээс гарсан хаягдал шороон овоолгыг эзэмшихээр болсон байдаг.

Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрээс орон нутгийн иргэд болох Эрдэнэт хотын оршин суугч 24500 иргэний хувьцаа нийлсэн “Зэс эрдэнийн хувь” ХХК-д давуу эрхтэй боломж олгосон аж.
Мөн онд “Зэс эрдэнийн хувь” ХХК нь иргэдийн хувьцааг бүртгүүлэн ХК болох хүсэлтээ “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит компанид гаргасан ч ямар элдэв тайлбар өгч хугацаа хожсоор “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг ХК болгож бүртгээгүй байна.

Товчхондоо “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг Эрдэнэтийн 24500 иргэний хувьцааг эзэмшдэг “Хувьцаат компани” болгох ажил зогссонги байдалд орчихжээ.
Үүний дараа 2015 онд “Зэс эрдэнийн хувь” ХХК нь Монгол Улсын Эрдэс Баялагийн зөвлөлөөр БНХАУ-ын Бээжингийн Уул уурхай, металлургийн ерөнхий судалгааны хүрээлэн буюу BGRIMM компаниар 248 мянган ам доллараар ТЭЗҮ-гээ хийлгэж батлуулсан байна.
2016 оны 3 сард “Бьлюмон металс” ХХК-аас “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай гэрээ байгуулан санхүүгийн эрсдэлээ өөрөө дааж, зэс боловсруулах үйлдвэр барьж ашиглалтанд оруулах бөгөөд энэ тохиолдолд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 50%-ийг эзэмшихээр болж, хувьцаа эзэмшигч 24500 иргэнд хувь хүртээхээр тохиролцон “Зэс эрдэнийн хувь” ХХК-д Эрдэнэт үйлдвэрээс олгосон Хөгжлийн төв, үйлдвэрээ барих 60 га газар, 8А, 12-р овоолгыг гэрээний дагуу шилжүүлэн авсан байна.

Ингэхдээ “Бьлюмон Металс” гэрээний дагуу үйлдвэрээ барьсаны дараа 50 хувийг эзэмших ёстой атал үйлдвэрээ бариагүй байж “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70%-ийг эзэмшчихжээ. Энэ бүхний цаана “Зэс эрдэнийн хувь” ХХК-иын Гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг холбоотой гэж хэлж болно.


ЛУЙВАР ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ…
Эндээс “Бьлюмон Металс” компанийнхан “Зэс эрдэнийн хувь” компанийн луйвардах, “дээрэмдэх” ажил нь үе шаттай эхэлжээ. Товчхондоо САНХҮҮГИЙН ЛУЙВАРЫН аргаар Эрдэнэт үйлдвэрийн 24500 иргэний хувь нийлүүлэн байгуулсан “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцааг дэс дараалалтай “залгижээ”.
Дээр хэлсэнчлэн “Зэс эрдэнийн хувь” ХХК нь ХК болох хүсэлтийг хангаагүй. Үүний цаана Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит компанийн нэр бүхий албан тушаалтны авлига, албан тушаалын шинжтэй эс үйлдэхүй байхыг үгүйсгэхгүй.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 24500 иргэний төлөөллөөс “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хамгийн өндөр хувь эзэмшигч болсон “Бьлюмон Металс” ХХК нь 2017 онд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн нэгж хувьцааны үнэ 1000 төгрөг байсныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 105 төгрөг болгон нэгж хувьцааны үнийг 9.5 дахин бууруулсан тогтоол гаргасныг улсын бүртгэлд бүртгэхдээ хуулиар тогтоосон шаардлага хангагдсан эсэхийг нягтлаагүй гэж, маргаан бүхий бүртгэлийн улмаас хувьцаа эзэмшигч 24.500 иргэнийг хохироосон тул 2019 онд Усын бүртгэлийн газар бүртгэн авсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Дашрамд дурьдахад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нэр бүхий ШУДАРГА бүртгэгч нар “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг буюу 24.500 иргэний худалдан авсан нэгж хувьцааг 1000 төгрөөс 105 төгрөг болгож бууруулсан шийдвэрийг БҮРТГЭХИЙГ татгалзаж байсан ч 2019 онд “ХҮЧЭЭР” бүртгэснийг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2022 онд мэдэж, тэр даруйдаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь энэ аж.

ШҮҮХ ЯЛГААТАЙ ШИЙДЖЭЭ…
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 сарын 21-нд энэ хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч тал буюу “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 24500 иргэдийн төлөөллийн нэхэмжлэлийг хангаж, тодруулбал “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг буюу нэгж хувьцааг 1000 төгрөөс 105 төгрөг болгож бууруулсан шийдвэр БУРУУ байна хэмээн үзэж дээрх шийдвэрийг хоёр жилийн дараа бүртгэн авсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч бүртгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн бүртгэлийг ХҮЧИНГҮЙ болгож, үнэнд нийцсэн НЭН ШУДАРГА шийдвэрийг гаргажээ (Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ УНШИНА УУ).
Гэвч “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн өндөр хувь эзэмшигч ”Бьлюмон Металс” компанийнхан Захиргааны хэргийн давах шатны шүүхэд хандаж, 2024 оны 03 сарын 06-ны өдөр хуралдсан Захиргааны хэргийн давах шатны шүүх хуралдаанаар шүүгч Т.Энхмаа, Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, “Зэс эрдэнийн хувь”ХХК дэх Эрдэнэтийн иргэдийн 24500 иргэдийн төлөөллийн нэхэмжлэл буюу компанийн нэгж хувьцааг 1000 төгрөөс 105 төгрөг болгож бууруулсан шийдвэрийг ЗӨВ гэж үзжээ.
Товчхондоо, Захиргааны хэргийн нэр бүхий дээрх гурван шүүгч БАРИМТ НОТОЛГОО БҮХИЙ ҮНЭНИЙ талд биш, Эрдэнэтийн иргэдийг хувьцааг залилан мэхлэх “луйварын” аргаар “авчихсан” гэж хэлж болох “Зэс эрдэнийн хувь” компанийн том хувь эзэмшигч “Бьлюмон Металс” ХХК-ийн талд шийдвэрээ гаргачихжээ. (ЭНД ДАРЖ Захиргааны хэргийн Давах шатны шүүхийн мэдээллийг уншина уу)
Шүүгчид ингэж баримт, нотолгоо, үнэнийг ИЛТЭД ЗӨРЧИН шийдвэр гаргуулах хэмжээнд ЮУ НӨЛӨӨЛСӨН бол гэж бодоход хүрч байна.

“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигч 24500 иргэний “эсрэг” шийдвэр гаргах хэмжээнд “шүүхэд” нөлөөлөгч нь магадгүй тухайн үед улс төрд НЭР, НӨЛӨӨ бүхий томоохон албан тушаалтан байсан болов уу гэж хардах ҮНДЭСЛЭЛ байна.

Учир нь одоо “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг “Бьлюмон Металс” ХХК нь өдгөө хувьцаа эзэмшигч Эрдэнэтийн 24500 иргэний төлөөллийг оролцуулахгүйгээр шийдвэр гаргадаг болчихсон, 8А,12-р овоолгоо, Ирээдүйд олох орлогоо барьцаалж банкнаас их хэмжээний зээл аваад Зэс угаах үйлдвэрээ барьчихсан, авсан зээлээ бараг төлөөд дуусах хэмжээнд оччихсон, туршилтын үйл ажиллагаа явуулах нэрээр зэсийн овоолгоо угааж, жилдээ 130 сая ам.доллар буюу 460 гаруй тэрбум /сардаа 10 сая гаруй ам.доллар/-тай тэнцэхүйц орлоготой том компани болсон.

Мэдээж энэ их мөнгөний цаана “Бьлюмон Металс” компанийн хувьцаа эзэмшигчид, удирдлагад нь ХЭН ХЭН байдаг, хувьцаа эзэмшигчид нь ЯАГААД ойр ойрхон солигдоод байдаг тухай бид ҮРГЭЛЖЛҮҮЛЭН хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Ц.Мөнх
Amlalt.mn
