Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх жил болно. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар асуухад арай эрт байна уу?

-Сонгуулийг сонгуулийн жил, магадгүй санал авах өдрөөр төсөөлж ингэж асуух хүмүүс бий. Өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд судалгаа хийх, түүндээ үндэслэн хууль эрх зүй болон зохион байгуулалтын санал, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, сонгуулийн боловсрол олгох, техник хангамжийн бүрдүүлэлт, бэлэн байдлыг хангах зэргээр сонгуулийн бэлтгэл ажил байнга үргэлжилдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулийн тухайд ярихад, Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар УИХ-д санал хүргүүлэх чиг үүргийнхээ хүрээнд холбогдох судалгаа, үнэлгээ, төсөл бэлтгээд байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үү. Ер нь сонгууль бүрийн өмнө хуульдаа өөрчлөлт оруулаад байх нь зөв үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж байсан нэмэлт, өөрчлөлтүүд болон шинэчилсэн найруулгууд нь тухайн цаг үеийн сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн, зохион байгуулалтын шинжтэй байсныг дурдах нь зүйтэй.

Ярилцлагынхаа эхэнд хэлсэн, өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоонд хийсэн судалгаанд үндэслэн санал боловсруулдаг гэж. 1993 онд зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурсан.

Сонгуулийн ирц оролцоо буурч байгаа гол шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан.

УИХ-ын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоол гарч “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон.

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, судалгааны үр дүн иргэдээс санал авах ажиллагааг хөнгөвчилж сонгогчдод ээлтэй болгох, санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт тодорхой шалтгааны улмаас зорчиж байгаа сонгогч болон санал авах өдөр санал авах байранд очиж саналаа өгөх боломжгүй сонгогчдын саналыг урьдчилан авах гэх зэрэг санал авах төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд иргэн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хувьд юу хийх шаардлагатай, ямар процессыг сайжруулах талаар тогтмол судалгаа хийж, түүндээ үндэслэн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр санал боловсруулах үүргийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар хуульчилсан байдаг. Иймд бид энэ удаа сонгогчоос санал авах төрөл хэлбэрийг  нэмэгдүүлэх, УИХ-ын тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр саналаа боловсруулж дууслаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулиудаар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авдаг. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар мөн дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулж санал авсан. Сонгогчдын оролцоо нь гадаадад байгаа нийт иргэд болон санал авахад гаргаж байгаа зардалтай харьцуулахад хэр үр дүнтэй байдаг вэ?

-Сонгууль нь бүх нийтийнх байх зарчимтай. Үндсэн хуульт ардчилал тухайн улс орон бүрдэж, бэхэжсэн эсэх нь сонгуулийг хэрхэн чөлөөт, шударга, ил тод зохион байгуулж байгаагаас шууд хамаарах бөгөөд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь сонгогчийн сонгох, иргэний сонгогдох эрхийг хэрхэн хангаж, эрхээ баталгаатай эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлж байгаагаас шууд хамаардаг. Албан бус тоо баримтаар Монгол Улсаас гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа 200.000 гаруй иргэн байдаг, харин статистик тоо баримтад дурдсанаар 120.000 орчим сонгогч гадаад улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа талаар мэдээлэл байна. Гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн ирц оролцооны хувьд авч үзвэл, 2013 оны сонгуульд 6233 сонгогч бүртгүүлж 4248 сонгогч буюу 68.2 хувь, 2017 оны сонгуульд 7374 сонгогч бүртгүүлж 7209 сонгогч буюу 66.8 хувь, 2021 оны сонгуульд 7398 сонгогч бүртгүүлж 5568 сонгогч буюу 75.30 хувь байна. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авсан дээрх гурван удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт сонгогчийн талаарх статистик тоон мэдээтэй харьцуулан үзвэл 5-6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ хэрэгжүүлсэн байдаг.

-Хуульд ямар өөрчлөлт оруулбал дээрх асуудлыг шийдэх вэ?

-Ойлгомжтой товчхон тайлбарлах хэрэгтэй байх. УИХ-ын 77 дугаар тогтоолд дурдсан тодорхой бүлгийн сонгох эрхийг хангах чиглэлээр гурван төрлийн санал авах арга хэлбэрийг нэмэгдүүлье л гэж байгаа юм. Тухайлбал:

Гадаад улсад байгаа иргэдээс санал авсан гурван удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт сонгогчийн талаарх статистик тоон мэдээтэй харьцуулан үзвэл 5-6 хувь нь сонгуульд оролцохоор бүртгүүлж, ийнхүү бүртгүүлсэн сонгогчдоос дунджаар 65 хувь нь сонгуульд оролцож, сонгох эрхээ хэрэгжүүлсэн байна.

1.Гадаад улсад байгаа сонгогчдын сонгуулийн ирц оролцоо маш бага түвшин байгаа шалтгааныг зохион байгуулалт талаас нь авч үзвэл:

– саналаа өгөхийн тулд хуулиар тогтоосон хугацаанд урьдчилан бүртгүүлэх,

– Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй хотод байгаа сонгогч саналаа өгөхөд хүндрэл үүсдэг,

– санал авах ажиллагаа нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эхэлж, дуусаж байгаа нь мэдээлэл, мөрийн хөтөлбөрт үндэслэн сонголтоо хийх боломжийг хязгаарладаг,

– санал авах өдөр цөөн буюу 2 хүртэл өдөр байхаар тогтоодог. Иймд гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүй бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгахаар санал боловсруулсан.

  1. Санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
  2. Санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар саналаа боловсруулаад байна.

-Гадаадад байгаагаас гадна оюутнууд, уул уурхай, зам тээврийн салбарынхан үндсэн хаяг дээрээ байхгүй шалтгаанаар саналаа өгч чаддаггүй талаар Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд орсон, танай судалгааны дүн ч харуулж байна. Ийм шалтгаантайгаар сонгуульд оролцдоггүй сонгогчдын асуудлыг ямар аргаар шийдэх боломжтой гэж үзэж байна вэ?

Улирлын шинж чанартай ажил, хөдөлмөр эрхэлдэг 56000 (уул, уурхай, ач тээвэр), оюутан 20000, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд буюу буюу шатны сонгуулийн байгууллагад сонгуулийн үед ажилладаг 46000 төрийн албан хаагч буюу нийт 250000 орчим сонгогчийн сонгох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, түүнд шаардлагатай эрх зүйн орчныг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байна. Санал авах арга  хэлбэрийг өөрчлөх, сонголттой болгох шаардлагатайг дээр ярьсан. Өөрөөр хэлбэл, санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчийн саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлэх, санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр талаар саналаа боловсруулсан байгаа юм.

-Эрх зүйн орчныг бүрдүүлэхээс техникийн боломжийг хэр судалсан бэ. Одоо ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмжөөр дээрх асуудлыг шийдэх боломжтой юу?

-Мэдээж санал авах шинэ төрөл, хэлбэрийг нэмэгдүүлж байгаагаас шалтгаалан дагалдан гарах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Тухайлбал санал авах төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхдээ сонгуулийн автоматжуулсан систем, түүнд хамаарах тоног төхөөрөмжийн судлах, тодорхойлох, баталгаажуулах зэрэг чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн чиг үүрэгт нэмэлтээр тусгах зорилгоор Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулсан.

Эх сурвалж: “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүл 2026 №1