Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу энэ удаагийн бие даалтын долоо хоногийг даваа гарагаас эхлүүлэхээр тусгажээ. Тодруулбал, орон нутагт энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд, нийслэлд энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл бие даалтын долоо хоног үргэлжилнэ.

Энэ удаагийн бие даалтын долоо хоногийн гол зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох, аюулгүй амьдрах дадалд сургахад чиглэж байгаа юм. Үүний хүрээнд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бага, дунд, ахлах анги гэсэн гурван бүлэгт хувааж, насны онцлогт нь тохирсон тусгайлсан сэдвийн дагуу үйл ажиллагаануудыг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. Мөн хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног суралцагч, эцэг эх асран хамгаалагч болон сургууль гэсэн гурван хүрээг хамарч явагдана.