Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулах аж.

Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд сүрьеэтэй хүн ханиах, найтаах, шүлсээ хаях үед агаарт тархаж амьсгалын замаар халдварладаг. Ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтнүүдэд нөлөөлж болно.

Шинж тэмдэг:

Удаан хугацаанд үргэлжилсэн ханиалга

Халуурах

Шалтгаангүй жин буурах

Сүрьеэ эдгэрдэг өвчин. Эрт оношилж, эмчилгээг шуурхай эхлүүлэх нь өвчний тархалтыг зогсоож, эдгэрэх боломжийг нэмэгдүүлнэ хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.