Улстөрчдийн ховны хутгуур болоод байгаа Бодийн Д.Баясгаланг Монгол Улсын хилээр орж ирмэгц цагдаагийнхан баривчлахаар болсон талаар эх сурвалж мэдээллэв.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгаланг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт авлига өгсөн таллаарх баримтыг АТГ-т өгсөн. Дөрвөн бүлэг бүхий 894 хуудас материалд Бодь группийн оффтейк гэрээ, нүүрсний сонсголтой холбоотой материалууд багтсанаас гадна авлига өгч байгаа бичлэг, дуу авиа багтсан хэмээн мэдэгдсэн юм.

Оффтейк гэрээг төрийн нууцаас гаргахад Бодь групп нүүрсийг зах зээлийн үнээс хямдаар авсан. Тодруулбал, 2022-2023 онд тухайн үеийн ханшаас 60-80 ам.доллараар бага үнээр оффтейк гэрээнүүдийг хийсэн нь ил болсон юм.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны хэлснээр “Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөрзам барих төсөвт өртөг 600 сая ам доллар байсан ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам долларт хүрсэн. Мөн анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөрзам” ХХК-ийн Голомт банкны данснаас “Бодь Интернейшнл” ХХК-ийн Голомт банкинд дансанд ойролцоогоор 110 сая ам.доллар шилжүүлж, Голомт финаншиал группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай объектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр тус авлигын мөнгийг тараасан хэмээсэн.

Ийнхүү улстөрчдөд авлига өгсөн, төмөр зам болон нүүрсний оффтейк гэрээ байгуулж, төсөвт өртөг өндөртэй тендерүүдийг түүсэн Д.Баясгаланг хуулийн байгууллага хараандаа авч, хилийн дээс алхмагц баривчлан саатуулах зэхсэн бололтой.