Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.22/ хуралдаан 13.17 цагт О.Алтангэрэл, Ж.Батжаргал, А.Ганбаатар, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Л.Гантөмөр, С.Зулпхар, Б.Найдалаа, Ц.Туваан, Д.Энхтуяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Ө.Шижир нарын гишүүд хүрэлцэн ирж, 62.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааныг УИХ-ын гишүүн С.Зулпхар даргалан явуулсан бөгөөд тус хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал байлаа.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх П.Сайнзориг нарын найман гишүүнээс 2026.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан юм.

Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Тэрбээр, Үндсэн хуулийн цэц 2025.12.26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гарган УИХ-д ирүүлсэн.  Цэц уг дүгнэлтдээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. …” гэж заасанд нийцээгүй гэж үзсэн. Түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор … шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж дүгнэсэн.

УИХ Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан, А.Ариунзаяа, Б.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэлээ.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  Хуулийн төсөлд гишүүд Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх,  мөн Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр дүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол УИХ асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгасан хэмээн Б.Баярбаатар гишүүн танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоолын 2025 оны жилийн эцсийн биелэлтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцах, цаашид биелэлтийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулав.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаар ахлуулан, Б.Баярбаатар, С.Зулпхар, Ч.Ундрам, О.Алтангэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.