Чуулганы хуралдаанаар  УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

2026–2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн 341 мянган сурагчид үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Бага ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд 2026 оны аравдугаар сарын гүйцэтгэлээр 106 тэрбум төгрөг зарцуулжээ. Ирэх оны нэгдүгээр сараас бага ангийн хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,500 төгрөг болгохоор төлөвлөсөн бөгөөд үүнд нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ.

Үдийн хоолны хөтөлбөр нь сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, сурлагын амжилт, ирцэд эерэг нөлөө үзүүлж байгааг сайд дурдав. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдийн биеийн хөгжлийн зарим үзүүлэлт сайжирч, ясны сийрэгжилт буурсан, хичээлд хамрагдалт нэмэгдсэнээс гадна өглөөний цайгаа тогтмол уух дадал сайжирсан байна.

Харин үдийн хоолны үйлчилгээтэй холбоотой зарим хүндрэл байгааг сайд онцоллоо. Тухайлбал, хүний нөөцийн тоо, ур чадвар дутмаг, хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий гал тогоог бүх сургуульд ажиллуулахад бэрхшээл тулгарсаар байгаа аж.

Эдгээр сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр “КОЙКА”, “ЖАЙКА” зэрэг олон улсын байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгаа гэв. Дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахтай холбоотой улсын хэмжээний нэгдсэн зохицуулалтыг 2027 оноос эхлэн хэрэгжүүлэх юм байна.

Ирэх онд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны түүхий эдийн зардалд 144 тэрбум төгрөг нэмж тусгасан бөгөөд төсвийн хэлэлцүүлгийн үеэр 6, 7 дугаар ангийн 137 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд нэмэлтээр 50 тэрбум төгрөг тусгах санал гаргаснаар нийт 194 тэрбум төгрөгийн санхүүжилт яригджээ. Зарим аймаг, орон нутаг өөрсдийн төсвийн хүрээнд дунд, ахлах ангийн 22 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байгаа аж. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд аймаг долоо хоногийн таван өдөр дунд, ахлах ангийн хүүхдүүдэд халуун хоолоор үйлчилж, орон нутгийн төсвөөс нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан сайн туршлага байгааг Боловсролын сайд танилцууллаа.

Түүнчлэн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 18 аймаг болон нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгааг мэдээлэв.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд бүрийг цэвэр усаар хангах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн дэмжлэгтэйгээр “Амин ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Боловсролын яамнаас дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлт боловсруулж, 2026 оны тавдугаар сард УИХ-ын 28 дугаар тогтоолыг батлуулсан байна. Уг тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн сурагчдыг, 2030 он гэхэд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор бүрэн хангахаар тусгажээ. Дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор үе шаттай хангахад нийт 218 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатайг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.

photo_2026-11-13_17-07-50 (3).jpg

“Энэ бол зөвхөн хоолны түүхий эдийн зардал юм. Цаашид зөвхөн үдийн хоолны түүхий эдийн зардлын санхүүжилтийг төсөвт тусгах нь учир дутагдалтай байгаа тул нэг хүүхдэд хүрэх хоолны үйлчилгээг бүрэн өртгөөр тооцож, санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Ерөнхий боловсролын бүх сурагчийг үдийн хоолоор хангахад дан ганц улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй тул олон талт эх үүсвэрийг бий болгох, хоолны үйлчилгээний үр ашгийг тооцох, орон нутгийн нөөц бололцоо болон эцэг эхийн дэмжлэгт тулгуурлах, хүнс хангамжийн нэгдсэн тогтолцоог төр-хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулах бодлогыг хэрэгжүүлэхээр судалгаанууд хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан School Meals Coalition (Дэлхийн сургуулийн хоолны эвсэл)-тэй хамтын ажиллагаа эхлүүлж, бусад улсын сайн туршлагыг судалж байна” хэмээсэн.

Хоолны үйлчилгээнд бүх хүүхдийг тэгш хамруулахтай холбоотой хоол тэжээлийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд тохирсон орц, найрлага бүхий хоолоор үйлчлэх ажлыг эхлүүлээд байгаа талаараа Боловсролын сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав. Цаашид ерөнхий боловсролын хүүхэд бүрийг нас, биед нь тохирсон хоолны үйлчилгээгээр хангах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж, тодорхой үр дүнгүүд гаргаад байгаа аж. Тухайлбал, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн төвийг үндэсний төвийг байгуулжээ. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн хангамжийн тогтолцоог бий болгох зорилгоор Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагуудтай хамтран Дархан-Уул аймагт 2027 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлэх загвар төслүүд бий гэдгийг дурдсан. Үдийн цай, хоол хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн асуудлаарх Б.Пүрэвдорж гишүүний асуултад “Холбогдох хуульд өөрчлөлт оруулж, 2026-2027 оны хичээлийн жилээс сургууль, цэцэрлэгүүд хүнсний бүтээгдэхүүнээ орон нутгийн малчид, тариаланчид, өрхийн үйлдвэрлэгчдээс шууд худалдан авах тогтолцоог бүрдүүлнэ. Ховд аймгийн Манхан суманд энэ загварыг эхэлж туршихаар төлөвлөж байна” гэдэг хариултыг Боловсролын сайд өгсөн.

Үдийн цай, хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой хүний нөөц, дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнуудад ачаалал нэмэгдэх, байр талбайн хомсдол үүсээд байгаа талаар Х.Булгантуяа гишүүн хэлж нийслэл тэргүүтэй шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг, сургууль, цэцэрлэгийн онцлогт тохируулан төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Багш, ажилтнууд үндсэн ажил, үүрэгтээ анхаарал хандуулж, ажиллах хүсэлтэй байгааг сайдад уламжиллаа. Улмаар сургууль, цэцэрлэгийн хоолны амт, чанарын стандартыг нэгтгэх, яваандаа асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, санаачилга гарган, арга хэмжээ нэвтрүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Энэ жилээс хотхоны бага сургуулийн тогтолцоог нэвтрүүлж байгааг Л.Энх-Амгалан сайд онцлоод “Олон улсын байгууллагуудтай хамтран сургууль дундын гал тогооны жишиг төслүүд хэрэгжүүлж эхлээд байна. Олон улсынхаа жишгээр ч хоолны үйлчилгээнийхээ боловсруулах үйл явцыг сургуулийн гал тогоо эрхэлдэг. Бусад бэлтгэл үйл ажиллагааг хувийн хэвшлээрээ гүйцэтгүүлдэг. Энэ жишгийг хамгийн оновчтой гэж үзэж байгаа” гэв. Өмнө нь нийслэлийн сургуулиуд түрээсийн гал тогоотой байсан бол одоо 80 орчим хувь нь өөрийн гал тогоотой болж, хоолны үндсэн зардал буюу 3500 төгрөг хүүхдийн хоолны шууд зардал болж байгаа давуу талтайг хэллээ. Тиймээс сургуулийн гал тогооны үйл ажиллагааны талаар илүү тодорхой зохицуулалт хийх нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Асран хамгаалагчийн оролцооны асуудлыг цэцэрлэгийн хоолны төлбөр дээр туршсан нь үр дүнтэй болсон хэмээгээд, ирцийн хяналт сайжирч, улмаар холбогдох үр дүнгүүд гарч хичээлийн нэг жилд 15 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэлээ.

photo_2026-11-13_17-07-51 (2).jpg

Энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний тал дээр хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь үр ашигтай гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэллээ. Улсын хэмжээнд нийт сурагчдын үдийн цай, хоолыг бэлтгэх зорилгоор төрийн албан хаагчдын тоог огцом нэмэгдүүлэх бол тэтгэвэрт гарахад нь хүртэл олгодог 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох гэх зэргээр дагалдаад төсвийн зардал нэмэгдэх эрсдэлийг тооцох шаардлагатайг сануулж байсан. Боловсролын салбар дахь үйлчилгээнүүдийн алийг төр, алийг хувийн хэвшил гүйцэтгэх талаар зохицуулж байгаагаа сайд хэлээд “Цаашдаа сургуулийн хоол, цайны хүртээмж нэмэгдэх хэрээр төр ачаалал авч, төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа тоог нэмэхгүй” хэмээлээ. Д.Ганмаа гишүүн сургуулийн үдийн цай, хоолыг хийхдээ баяжуулсан бүтээгдэхүүн ашиглахын ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос сургууль, цэцэрлэгийн хоолонд хүнсний баяжуулсан бүтээгдэхүүн ашиглахыг чиглэл болгосон тогтоол батлуулснаа дурдав. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэдэг саналыг тэрбээр тэмдэглэж байсан. Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар мэдээллийг Д.Ганмаа гишүүнд хүргүүлэхээ Боловсролын сайд хэллээ.

photo_2026-11-13_17-07-52.jpg

Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэний дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан үг хэлэв. Тэрбээр “Үдийн хоол” хөтөлбөр зөвхөн хүүхдийг хооллох тухай асуудал биш, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, сурлагын амжилт, эрүүл хооллох дадлыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн тэгш боломжийг бүрдүүлэх бодлого гэдгийг онцоллоо. Иймээс хүүхдийн хоол тэжээлд зарцуулж буй хөрөнгийг улс орны ирээдүйн хүний хөгжилд оруулж буй урт хугацааны хөрөнгө оруулалт гэж үзэх нь зүйтэй хэмээсэн. 2027 оны төсөвт хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрт 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөж, 6, 7 дугаар ангийн 140 орчим мянган сурагчийг нэмж хамруулсан бөгөөд 2028 он гэхэд 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулах төлөвлөгөө, санхүүжилт, хүнсний аюулгүй байдал, хяналтын тогтолцоог бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох хүрээнд холбогдох асуудлыг харьяалах Байнгын хороонд шилжүүлж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

photo_2026-11-13_17-07-52 (2).jpg

Монгол төр сүүлийн жилүүдэд ирээдүй болсон хүүхэд багачуудадаа зохих анхаарал тавьж, үдийн цай, хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, улмаар хамрагдалтыг үе шаттайгаар, жил жилээр өргөжүүлж байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт дурдаад “Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Сургууль, цэцэрлэгийн хоолны төлбөрт асран хамгаалагчийн оролцоог хангахдаа зорилтот бүлгийн нөхцөлийг харгалзан үзэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр асуудлыг шийдвэрлэх зэрэг гарц, шийдлийн талаарх гишүүдийн саналыг холбогдох талууд анхаарч үзээрэй. П.Сайнзориг гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Д.Үүрийнтуяа гишүүн ахалж байгаа. Төсөл дэх зохицуулалтыг анхаараарай, хэлэлцэж буй асуудалтай уялдуулах боломжтой гэж үзэж байна” хэмээлээ. Үдийн цай, хоол хөтөлбөрийн хамрагдалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шалтгаан нь төсөв гэдгийг тэрбээр тодотгоод, төсвийн нөөц, боломжоо тооцох ёстой гэдгийг мөн хэлсэн.