Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваалайг 6.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн.

Тэгвэл түүнээс гадна Нийслэлийн харьяа байгууллага болох Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан Н.Лхагвасүрэн нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тэднийг хууль зөрчиж, 4 компани руу 8.7 тэрбум төгрөг шилжүүлэн, өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар авсан асуудлыг шалгаж байгаа аж.

Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Галхүү Авлигатай тэмцэх газарт хавтаст хэрэг нээлгээд удаж буй. 2022 оноос хойш хуулийн байгууллагад шалгагдаж, хилээр зорчих эрхээ хүртэл хязгаарлуулж байсан тэрбээр 2024.11 сард ажилчдаа дагуулан урд хөршөөр аялжээ. Үүнд ойролцоогоор 550 гаруй сая төгрөг зарцуулсан талаар мэдээлж байсан удаатай.

Түүнчлэн эл байгууллагад санхүүгийн сахилга бат алдагдаж төсвийн мөнгийг хэрхэн шамшигдуулж байгааг түмэн мэддэг болоод удаж буй. Ганцхан жишээ дурьдахад, 2024.08.06-наас 2024.11 сар хүртэл Баянзүрх дүүргийн 33-р хороо Баяндөхөм (Гүнжийн хоолойн) авто замын ажил хийгдсэн. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханы цахим хуудаснаа бий. 2024.07.05-нд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тухайн байгууллага руу дөрвөн гүйлгээ хийгдсэн байдаг. Эл ажлыг төсөвт байгууллага өөрсдөө хийгээгүй бөгөөд Херорөүд ХХК-иар гүйцэтгүүлж, тэрхүү компанид Б.Галхүүгийн ойрын хүмүүс орж ажилласан нь анхаарал татдаг. Мөн 950 сая төгрөгөөр Яармагийн зам дээр тавьсан төмөр хашлагыг гүйцэтгэгч гэдгээр нь Ундрах эхлэл ХХК ч Херорөүдтэй хамааралтай. .

Тэднийг ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа аж.

Энэхүү шалгалтын ажиллагаа  тэднээс гадна Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ариунболд, ХАБЭА- ажилтан Б.Даваасамбуу,  нябо Сүрэнцэцэг, нярав Дэлгэрцэцэг нарыг ч тойрохгүй бололтой.

Д.Ариунболд нь жилд 2 удаа өндөр өртөгтэй Япон, Турк гэх мэт гадаадын орноор аяладаг аж.  Аялаад эзгүй байсан хугацааныхаа цалинг бүтэн авдаг гэдгийг ч ажилчид нь хэлж байгаа юм. Мөн ХАБЭА- ажилтан Б.Даваасамбуу нь дарга нарын хамтаар Эрээн хот руу их хэмжээний бэлэн мөнгө авч яван бараа материал татаж авч ирдэг нь хуулийн байгууллагынхны чихэнд хүрсэн бололтой.

Ийнхүү нийслэлийн харьяа газруудад шуурга дэгдэж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг хомроглон баривчлах ажиллагаа өрнөж байна.