УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэн ажлын хэсгийн танилцуулгыг гишүүн Ж.Чинбүрэн хийв. Ажлын хэсэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Байнгын хорооны санал дүгнэлт гаргах хүрээ, хязгаарт багтаан төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр ярилцаж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна. Юуны өмнө тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан байна. Мөн тамхин бүтээгдэхүүнд ноогдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техник зохицуулалтад нийцүүлж, түүнийг баримтлахаар тусгажээ.
Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн зохицуулалтыг тамхины төрөлд хамааруулан хооронд нь тусгаарлахаар, тамхины хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамны чиг үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж оногдуулсан байна.
Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ноогдуулахаар байсныг тусад нь ангилжээ. Мөн аманд уусах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнд жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75 хувиар онцгой албан татвар ноогдуулах ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу таван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлж 60 хувьд хүргэхээр тусгасан байна. Никотин агуулаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ноогдуулах үндэслэлгүй гэж ажлын хэсэг үзжээ.
Мөн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн бүрэлдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн, гаалийн татварын хувь хэмжээг хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээр хэвээр үлдээжээ.
Хуулийн төслийн зүйл заалт бүрээр болон ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 30 гаруй, мөн УИХ-ын гишүүдээс гаргасан 10 гаруй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналынхаа талаар ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүд тайлбар өгч, үг хэлсэн юм. Санал хураалт дууссанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтов.
