Чуулганы хуралдаанаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 11 их наяд төгрөгөөс давсан санхүүжилт олгож, 144 мянга гаруй өрхийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлсэн хэдий ч гэр хорооллын бүсийн хэмжээ дорвитой буураагүй гэлээ. Мөн орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу 15 орчим хувиар өссөөр байгаа нь орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаагийн илрэл хэмээсэн. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 онд эхэлснээс хойш нийт олгогдсон санхүүжилтийн 24 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөгийн зээл хөдөө орон нутагт олгогдсон байна.

Орон сууцын санхүүжилтийн төрөлжсөн банкнаас санал болгох зээлийн бүтээгдэхүүний хувьд хөнгөлөлттэй буюу 6 хувийн зээлийг орон нутагт олгох, мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт байр худалдан авч буй иргэдэд зах зээлийн нөхцөлөөс хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох зохицуулалтууд тусгасан нь орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, дэд төвүүдийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд жил дунджаар 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкнуудад ирж байжээ. Гэвч 9.5 мянган хүсэлтийг шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 47 гаруй мянга хүсэлт хуримтлагдаж, 6,7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсээд байгааг Э.Бат-Амгалан сайд танилцуулав. Засгийн газраас ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай 2023 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын орон сууцын бодлогыг шинэчлэх ажлын хүрээнд орон сууцны санхүүжилт, татаас болон институцийн тогтолцоонд цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцолсон. Үүний хүрээнд Дэлхийн банкнаас орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замын зураглалыг гаргаж, хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлж, санхүүжилтийн төрөлжсөн бүтээгдэхүүн болон иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэтэй орон сууцын шийдвэр, шийдлүүдийг хөгжүүлэх суурь бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосныг энэхүү хуулийн төсөл боловсруулах суурь судалгаанд ашигласан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих аж. Орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэж, төрийн санхүүгийн ачаалал бууран, хөрөнгийн зах зээл хөгжиж, санхүүжилт нэмэгдэх ач холбогдолтой аж.

Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хуулийн төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байгааг дурдав. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явуулахад гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тус бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг дурдаад, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс ажлын гурван өдрийн завсарлага хүсэхэд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн юм.