Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.
УИХ-аас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025.12.12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүн хамрагдсан нь тодорхой эрсдэлийг бий болгож байгааг сайд дурдсан. Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тариф “0” хувь болсноор импортын өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна гаалийн албан татварын орлого буурч, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй гэв.
Иймд УИХ-аас хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025.12.18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв, татвар, нийгэм, эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь гаалийн тариф тэглэснээс үүдэн тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэ буурах нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад оршиж байгааг З.Мэндсайхан сайд танилцуулав.
Өнөөгийн байдлаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгжид суурилсан хэлбэрээр ногдуулж байгаа юм. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохицуулалтаас гадна импортын тамхи, тамхин бүтээгдэхүүнд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу биет нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгажээ.
Импортын гаалийн тариф тэглэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ огцом буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдэлийг бууруулж, гаалийн албан татварын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж бүрдэх аж.
Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999.06.03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Сангийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Б.Жаргалан, О.Номинчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Худалдааны тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн.
Хосолсон онцгой албан татвар ногдуулж байгаа арга хэлбэрүүдийн талаарх Б.Түвшин гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгөв. Жишээлбэл, суудлын автомашины моторын хэмжээ болон үнийн дүнгээс нь татвар авах зэргээр хосолсон ийм онцгой албан татварыг 63 улсын хэрэглэдэг, манайх ч хэрэглэж байгаа гэлээ. Тамхины тухайд 30 хувийн онцгой албан татвар авна, мөн ширхэг бүрээс 836 төгрөг, задгай тамхины кг тутмаас 3130 төгрөгийн татвар авах аж. Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн бөгөөд үүнд нийцүүлэн татварыг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулна бодлогыг хэрэгжүүлж байгаагаа Сангийн сайд тайлбарлав. Б.Түвшин гишүүн, никотин нь гаа, бохь зэрэг бусад хэлбэрээр зах зээлд худалдаалагдаж байгаа учраас тамхи гэлтгүй, никотины агууламжаас хамаарч татвар ногдуулах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлж байв. Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслийн боловсруулалтад анхаарах, бодлогын баримт бичгүүд болон хууль тогтоомжийн нийцлийг хангах шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн хэлээд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтныг тодруулж, хариуцлага тооцох шаардлагатай гэдэг саналыг хэлж байсан. Татварыг бууруулахыг иргэд хүсэн хүлээж байгаа ч нийтийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө архи, тамхины татварыг бууруулж болохгүй гэдэг байр суурийг О.Номинчимэг гишүүн хэлээд, яг одоо УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүд хоорондын нийцлийг хангах шаардлага бий гэлээ.
Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шийдвэрлээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2025.11.27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу УИХ-ын даргын 2025.12.24-ний өдрийн 518 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулж, ажлын хэсгийн дэд ахлагчаар гишүүн Б.Баярбаатар, гишүүдэд Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан, Б.Нарантуяа-Нара нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026.06.23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.
Ажлын хэсэг тамхины хэрэглээг бууруулах, хүн амыг тамхи болон никотины хамаарлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих, тамхины хяналтын тогтолцоо, хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 47 саналыг боловсруулсан байна.
Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан байна.
Тамхин бүтээгдэхүүнд ногдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техникийн зохицуулалтад нийцүүлж түүнийг баримтлахаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийн зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.
Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ногдуулж байсныг тусад нь ангилах, аманд уусгах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ногдуулахаар нь оновчтой гэж үзсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн талаарх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шаттайгаар нэмэгдэх онцгой албан татварын хэмжээг 60 хувьд хүргэхээр тооцож, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулсан гэв.
Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа ялгамжтайгаар тогтоох, никотин агуулагдаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ногдуулахгүйгээр тусгах нь оновчтой гэж үзсэн байна.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд бүтээгдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн тусгах нь зүйтэй гэж үзжээ.
Хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэхгүй байх чиглэлээр ямар зохицуулалт тусгасныг гишүүд тодруулахад “Тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэр, амтыг хорих саналыг Байнгын хороо дэмжсэн. Никотин агуулж байгаа бүтээгдэхүүнийг өсвөр насандаа хэрэглэх нь донтолт үүсгэх хамгийн том эрсдэл гэж үздэг. Энэ нь нотлогдсон зүйл, маргаан байхгүй.
Өсвөр насандаа тамхи, никотин агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах нь никотины хамааралтай болох, донтохоос сэргийлэх хамгийн үндсэн арга. Энэхүү хуулийн төслийн зорилго ч өсвөр насны хүүхдүүдийг тамхи, никотины хамааралтай болохоос сэргийлэх юм. Төсөлд тусгагдсан хяналтын нэг том арга зам бол худалдааны байгууллагуудад ил байршуулахгүй байх гэж үзээд, төсөлд тусгахаар санал оруулсан. Ил тавихыг хориглосноороо маркетингийн хувьд сонирхол татах өнгө, үзэмж, үнэр, зураг дүрсээр хүүхдүүдийг уруу татах энэ байдлыг хорихоор зорьж байна” гэдэг хариултыг Ж.Чинбүрэн гишүүн өгсөн.
Өсвөр насныхныг тамхинд оруулахгүйн тулд тамхийг 5 төрлөөр ялгаж, бүгд никотин агуулдаг гэдгийг ойлгуулах, улмаар татваруудыг нэмснээр санхүүгийн хязгаарлалт үүсгэн хэрэглэх боломжийг хорих нотлогдсон сайн аргыг нэвтрүүлэхийг зорьсон гэв. Санхүүгийн хөшүүргээр хэрэглээг 15 хувиар бууруулсан талаарх судалгааны талаар мөн дурдаж байлаа.
Химийн аргаар никотины хэрэглээг хангах аливаа бүтээгдэхүүнд төрөөс бүрэн хянах боломжгүй гэдэг утгаар зарим улс бүрэн хориглож байгаа жишээг гишүүд дурдаад, энэ төрлийн бүтээгдэхүүнээр дамжин сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хэрэглээнд нэвтрэх эрсдэл бий эсэхийг тодруулсан.
Вэйп тэргүүтэй цэнэглэдэг бүтээгдэхүүнийг “задгай систем” гэж нэрлээд байгаа хэмээгээд Ж.Чинбүрэн гишүүн “Задгай систем учраас дотор нь юу ч хольж болно. Тэр утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг холиод хэрэглээд явж буй эсэхийг ялгах боломжгүй. Тийм учраас Монгол Улсад “задгай систем” буюу цэнэглэдэг тогтолцоог бүрмөсөн хориглох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээрээ цахилгаан, халаадаг гэх зэрэг аливаа бүтээгдэхүүнд элдэв бодис холих боломжийг хориглож байгаа. Нэг удаагийн хэрэглээний тогтолцоо, систем нь нэг нэгнээ дэмжихгүй, задлаад угсрах тохиолдолд ажиллахгүй үйлдвэрийн хамгаалалттай байдаг юм байна. Энэ утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн төрлийн зүйлийг нэмэх боломжгүй төрлийг Монгол Улсад зөвшөөрнө гэж ойлгож болно” хэмээсэн.
Өсвөр насны хүүхдүүдийг хамгаалах зорилго нь зөв хэдий ч насанд хүрэгчдийн хэрэглээний сонголтыг хязгаарлаж буй эсэхээ нягталсан эсэхийг, дагаад хориглож буй бүтээгдэхүүний сүүдрийн зах зээл үүсгэх эрсдэлийн талаар судалсан эсэхийг М.Нарантуяа-Нара гишүүн тодруулахад “Тал бүрээс нь судалж үзсэн хэдий ч тэргүүлэх бодлого, зорилтоо эрэмбэлээд ажлын хэсгийн болон Байнгын хорооны түвшинд шийдвэр гаргасан” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Хүүхдийг нэг хорт зүйлээс хамгаалж байгаа нэрийдлээр нөгөө хорт зуршил руу шилжүүлэхгүй байх арга замыг бүрэн тодорхойлж, цогц арга хэмжээ авахгүй бол вэйпийг бүрэн хориглоход хэрэглэгчдийн 96 хувь нь татгалзсан ч үүнтэй зэрэгцээ янжуур тамхи хэрэглэгчдийн тоо 93 хувиар өссөн баримт бий гэдгийг дурдаж байв.
Хэрэглээ талаас нь харж асуудлыг зохицуулахынхаа зэрэгцээ бизнес эрхлэгч талаас асуудлыг харах ёстой гэдэг саналыг гишүүд мөн илэрхийлж байсан. Аливаа хуулийг батлахдаа хэрэгжихүйц, амьдралд нийцтэй байх нөхцөлийг тооцох шаардлагатай гэдгийг П.Наранбаяр гишүүн хэлээд, энэ чиглэлээрх тодорхой асуудлыг төслийг дагаж батлагдах УИХ-ын тогтоолын төсөлд тусгах саналыг хэлж байв. Төсөлд тусгагдсан татварыг бууруулахаар зохицуулалт тусгаж буйг О.Номинчимэг гишүүн хэлээд энэ өөрчлөлтөөс үүдэн тамхины хэрэглээг 14 хүртэл хувиар бууруулах зорилт хэрхэн өөрчлөгдөж байгааг тодрууллаа. Татварын бодлогын асуудлыг Б.Жаргалан гишүүн ахалж ажилласан гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Одоо авч буй 836 төгрөгийн татварыг 2027 онд 2000 төгрөг болгож нэмж байна. Эдийн засаг, нийгмийн нөлөөллийг бодитоор тооцох юм бол тийм ч их нэмэгдэл биш. Нөгөөтээгүүр, тамхины татвар бол орлого олох хэрэгсэл биш, эрүүл мэндийг хамгаалах зэвсэг гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас хэрэглэгчийн санхүүд мэдрүүлж, тамхинаас татгалзах шалтгаан болж буй эсэх л чухал. Амьдралыг зохицуулах хэм хэмжээ учраас далд бизнес, контрабанд зэргийг ч оруулан тал бүрээс нь тооцож, олон талаас нь дэнсэлж байж энэ тооцооллыг гаргасан” гэж Ж.Чинбүрэн гишүүн хариулсан.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа гишүүн Л.Энхнасан, Х.Баасанжаргал, М.Мандхай нар илэрхийлж, үг хэлсэн юм.
