Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн С.Одонтуяа уншиж танилцууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 32 санал, мөн дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн гурван саналыг ажлын хэсгээс боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн П.Наранбаяр гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч ямар мэргэжилтэй, ямар эрхтэй хэчнээн хүн байх, хэн эрх олгох, мөн хүүхэд, гэр бүлийн нууцыг хэрхэн хадгалах талаар асуулт асууж, хариулт авав.
Мөн хуулийн төсөлд тусгагдсан хүүхдийн хамтарсан асрамжийн тухай асуудлыг хөндсөн юм. Түүний асуултад гишүүн Х.Баасанжаргал хариулахдаа нөхцөл байдлын шинжээчийг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн гэж өөрчилсөн тухай мэдээлж, энэ хүн Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн захиргааны ажилтан байна гэдгийг хэлсэн юм. Мөн шат шатны шүүх бүрд ийм мэргэжилтэн ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар явуулах санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар 16:00 цагт хийхээр хойшлуулав.
Үүний дараа Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй холбогдуулан хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг гишүүн Б.Тулга, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн О.Саранчулуун гэр бүл болох, гэр бүлээ хамгаалах, гэр бүл салах үе шатуудад сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйчийн оролцоог хэрхэн тусгасан, урьд өмнөхөөсөө хэр сайжирсан, мөн гэрлэлтийн гэрээ, түүнд тусгагдах нарийвчилсан зохицуулалтуудыг талаар асууж, ажлын хэсгээс тодорхой хариулт авав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар явуулах санал хураалтыг үдээс хойно 16:00 цагт явуулахаар тогтлоо.
