Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс тоймлон хүргэвэл:

– Ц.Б нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа сургуулийн манаач А.Г-тэй бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд А.Г-н эзэмшлийн дансаар заал болон зогсоолын төлбөр 121,5 сая төгрөг авснаас 600 мянган төгрөгийг өөртөө бэлнээр авч, А.Г-д 120,9 сая төгрөгийг захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

Ц.Б, С.Д нар бүлэглэж 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд С.Д-ийн дансаар заалны түрээс болох 1,9 сая төгрөгийг авч, захиран зарцуулах давуу байдал бий болгосон,

Мөн Ц.Б-ийн банкны дансаар 240 мянган төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгож, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд их хэмжээний буюу 123,1 сая төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Б нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны  Б/110 дугаартай тушаалаар Д.Н-ийг ажилд томилж, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд 15,2 сая төгрөгийн цалин олгосон,

Мөн 2023 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд ажлыг хавсран гүйцэтгэгч гэх нэр бүхий багш, ажилтан нарт “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн хувь буюу нийт 790,3 сая төгрөгийн цалинг тус тус олгон, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд 143,6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– Б.М, П.С нар бүлэглэн 2024 оны 1 дүгээр сард бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд … дугаартай гэрчилгээг шинээр гаргуулах зорилгоор өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-гийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн дансанд 200 мянган төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

– А.Г 2024 оны 5 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл бүртгэгдэх хугацааг хурдан гаргуулахаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгч Д.А-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн дансанд 150 мянган төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.