Сангийн авдар хоосон, алдагдалтай атлаа зарлагаа өсгөчихсөн тодотгол өргөн бариад ширэн нүүрлэж буй Засгийн газар түмний хараал барж байх шиг байна. Тодотгол гэдэг товчхондоо зардлаа бууруулахын нэр байтал өсгөөд орж ирэх хэнд ч эрүүл бус санагдах биз.
Ямартаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөр солиотой юу, галзуурчихсан уу гэхэв. Тэрбээр татварын орлого 2 их наядаар тасарсан шалтгаан, тодотгол хийхээр болсон үндэслэлийг нууж, санхүүгийн сахилга бат алдагдсан үйлдлийг Сангийн яам өөгшүүллээ хэмээн бухимдсан. Үнэн.
Тодотголоор бүсээ чангалж 1.4 их наядын зардал хэмнэнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан ч үнэндээ бүс чангалах нь ТӨР биш иргэд, аж ахуйн нэгжүүд байж. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 1,152.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал боловсруулсны дийлэнх буюу 697.0 тэрбум төгрөг цалингийн зардал. Өндөр инфляцыг улам хөөрөгдөх шийдвэр.
Банкны холбооныхон “Шоконд бэлэн үү” гэхээс өөрийг хэлж чадсангүй.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс болзошгүй эрсдлийг тооцох, хүндрэл бэрхшээл тулгарахад бэлтгэлтэй байх боломжийг ашиглаж чадсангүй хэмээн Н.Учралын Засгийн газрыг дүгнэв. Тэрчлэн тодотголыг Засгийн газрын өргөн барьснаар баталбал алдагдал өсч 2.2 их наяд төгрөгт хүрэх тооцооллыг урьдчилан анхаарууллаа.
Ойрх дорнодын нөхцөл байдал таагүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байгаа энэ үед эдийн засгийн болзошгүй сорилт, гадаад болон дотоод хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү сайжруулах шаардлагатай байтал галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг тодотгол өргөн барьсан энэ Засгийн газрын балгаар улс орон минь модоо барихад хүрч, засч дийлшгүй эрсдэл рүү гулсахвий.
Үнэндээ Н.Учралын ам ажил хэтэрхий зөрчилтэй, зөрүүтэй байгааг хэлэх нь зөв юм.
Хүнээ бодсон, үнийн өсөлтөөс иргэдээ аврах гээд байна гэх хашгираан нь хулгайгаа хийсэн шиг хиймээр байна, сонгууль хаяанд ирчихлээ гэх уйлаан шиг худал сонсогдож буйг хэлэх хэрэгтэй.
Тодотгол тойрч хэрэлдэж байгаа гишүүд ч дагалдуулан оруулж ирсэн хуулийн төслүүдийг анхаарахгүй байгаа нь эмгэнэл. Төдийлөн харахгүй байгаа хуульд нь эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалт болон уул уурхайн орлогын хамааралтай холбогдуулан удаа дараа нэмэлт, өөрчлөлтүүд оруулчихаад байгаа. Төсвийн сахилга батыг чандлан мөрдөх учиртай хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулж буй нь ч өөрөө гажуудал бөгөөд асуудал юм.
Энэ удаад мөнөөх хуулийн 7.5 дахь заалтыг хүчингүй болгуулахаар шургуулж байна. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь хэсэг байснаараа Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд тухайн харгалзах жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх зохицуулалттай. Гэтэл эл заалтыг үгүй хийж цаг хугацааны хязгаарлалтыг авч хаявал эрх баригчид зоргоороо аашилж төсвийн хэлэлцүүлэг ч чанаргүй болно. Төсвийн бодлогын утга алдагдан гэнэтийн байдлаар шууд батлах, хүссэн үедээ тооцоо судалгаагүйгээр яаравчлан өргөн мэдүүлэх, дур мэдэн тэлэх эрсдэл нэмэгдэх биз. Хувийн хэвшил, хараат бус шинжээчид төсвийн төсөлтэй танилцах, санал дүгнэлт гаргах хугацаа багассанаар олон нийтийн хяналт ч суларна. Товчхондоо, хүчингүй болгуулахаар оруулсан 7.5 заалт Төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн төсөл хоорондын уялдааг хангаж, яаруу сандруу батлахаас сэргийлсэн хязгаарлалт болж өгдөг.
Тэгэхээр төсвийн алдагдал хуулийн дээд хязгаарт тулчихаад байхад нэмэгдүүлж өргөн барьсан нь дээрх заалт, хязгаарыг үгүй хийх гэсэн сэдэл, явуургүй санаа гэж харагдаж буй юм. Эс бөгөөс алдагдлыг нэг их наядаар нэмэгдүүлэн өргөн барих боломж хуульд байхгүй. Тийм ч учраас АН-ынхан хууль зөрчсөн төсвийг хүлээн авсан хэмээн С.Бямбацогтыг буруутгаад цэцэд өгнө гэж шуугиа биз.
Засгийн газрын гадаад зээл 1,190.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл дотоод үнэт цаасны гаргах дээд хэмжээг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 1,561.2 тэрбум төгрөг болгохоор тодотголд мөн тусгасан байгаа.
Үүнийгээ Үнэт цаас гаргах эрх олгох тухай УИХ-ын 2025.11.14-ний өдрийн 102 дугаар тогтоолоор зөвтгөхийг оролдох биз. Уг тогтоолд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах хязгаарыг 561.2 тэрбумаас 1,561.2 тэрбум төгрөг болгож нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Зээл улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Харамсалтай нь өр өсөхийн хэрээр амьдрал хэцүүддэгийг өлсөж өсөөгүй Н.Учрал хэрхэн мэдэх.
Төсвийн тодотголоор зарлага 998.0 тэрбум, алдагдал 1 их наяд төгрөгөөр нэмэгдэн 2,048.0 тэрбум төгрөг болсон байгаа нь ДНБ-ий -2 хувь буюу хуульд заасан хэмжээний дээд хязгаарт тулчихсан. Татварын орлогын дутагдлаас шалтгаалсан эл алдагдлыг төрийн өмчит компанийн ногдол ашиг, орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдэл, хөнгөлөлттэй зээл тусламж, дотоодын үнэт цаас зэрэг эх үүсвэрээс цойлдож нөхөхөөр төлөвлөсөн гэж байгаа. Нэгээс нөгөөг аргацаах, залилах, барьцаалах замаар донтож тоглодог мөрийтэй тоглоомчдын арга техникийг ашиглачихсан юм уу гэмээр ойлгохын эцэсгүй зальжин тодотгол гээд тодорхойлсон ч буруутахгүй биз. Ямартаа Лу.Гантөмөр гишүүн “солиорчихсон юм уу та нар” хэмээн орилж байхав.
Гэхдээ энэ өдрүүдийн бужигнаан дунд өлгөж авахуйц, асуух, шалгах нэгэн мэдэгдэл яваад байгаа нь “Нүүрсний экспорт өсч, хэмжээ нэмэгдэж байгаа” гэсэн Сангийн сайд З.Мэндсайхан, Ерөнхий сайд Н.Учрал нарын ам уралдсан мэдээлэл. Экспортын орлого өсөөд байгаа юм бол алдагдал нэмэгдсэн шалтгаан нь юу юм бол?!
Өссөн экспортын бодит орлого хаачсан болоод, хаачих болоод нэгээс нөгөөг аргацаах арчаагүй хувилбар яриад яваа хэрэг юм бол?!
Асууж, сураглах л мэдэгдэл…
