Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 24 хүнд холбогдох 9 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ.
Тодруулбал, шүүхээс хахууль авах гэмт хэрэгт 4 хүнийг, хахууль өгөх гэмт хэрэгт 13 хүнийг, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт 7 хүнийг гэм буруутайд тус тус тооцож, 5 хүнд 1-12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 14 хүнд 2.7-10 сая төгрөгөөр торгох ял, 5 хүнд 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 20 хүнд 2 жилээс бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нэмэгдэл ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 119 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Хэргийг тоймлон хүргэвэл:
1. Н.Т нь Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нараас нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах);
Д.С, Т.Э нар нь гаалийн хилээр мэдүүлсэн бараагаа даруй гаргах зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Д.С нь 18 удаагийн үйлдлээр нийт 52.5 сая төгрөг, Т.Э нь 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль тус тус өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Т-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Т.Э, Д.С нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 8-10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.
2. Г.Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулах ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан;
3. Л.О нь …улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэр бүхий компаниас 6 сая төгрөгийн эд хөрөнгө худалдан авахаар шилжүүлж, улмаар хувьдаа шилжүүлэн авч, өөртөө эдийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (албаны эрх мэдлээ урвуулан ашигласан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Л.О-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан;
4. Г.Г нь Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа холбогдох дүрэм, журмыг зөрчиж, бүртгэл хийн бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий иргэнд 60 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.Г-г хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
5. М.Б нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Л.Ч-н мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр, … системд бусдын эрхээр нэвтэрч, зөвшөөрөл олгон 21 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашигласан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс М.Б, Л.Ч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан.
6. Б.А нь … эмнэлгийн эрхлэгчээр ажиллах байхдаа хэвтэн эмчлүүлж байсан нэр бүхий иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 онуудад өөртөө авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан бусдад нийт 16,7 сая төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Б.А-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
7. А.И нь …аймгийн засаr дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа “Б…” ХХК-ийн захирал Т.Б-н …….сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, санхүүжилт олгон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (улс төрийн албан тушаалтан хахууль авах);
Т.Б нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах, санхүүжилт авах, барилгыг ашиглалтад оруулах зорилгоор засаг дарга А.И-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдын дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс А.И-г улс төрийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, Т.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
