Бест буйдан компани дампуурлын ирмэгт хүрсэн тул захирал нь эхний ээлжинд 9911-тэй дугаараа зарж татвар даатгалын өрнөөс салах шаардлагатай болсноо зарлав. Засгийн газар, эрх баригчдын зүгээс түмэнтээ уучлал хүсч, толгой гудайх эмгэнэлт мэдээ энэ юм. Харамсалтай нь хандивын мэдээнд ч соргог хандаж гар сунган попордог Н.Учрал татвар төлөгчид нь нурж, тэр хэрээр ажилгүйдлийн тоо зуу зуугаар өсч байхад нүдэн балай чихэн дүлий суугаа нь гунигтай агаад худал хуурмагийн томоос том баг зүүсэн этгээд гэдгийг харуулсан хангалттай жишээ болон үлдэж байна. Бест буйдангийн мэдэгдлийг олон дагагчтай хэн нэгэн зарлаж, тусламж гуйсан бол тэр хамгийн түрүүнд харайж хүрээд асуудлыг нь сонсох байсан байж мэдэх юм. Ингээд харахаар тэр зүгээр л дүр бүтээгч, зүрх сэтгэлгүй тоглогч бололтой. Ирэх сонгуулийн циклээс илүү харж чадаагүй төсвийн төслийг ч өргөн барьсан Ерөнхий сайд байж мэднэ.
Нэгхэн жилийн дотор 32.2 хувиар өссөн 43.6 их наядын орлоготой, 2.3 их наядын алдагдалтай боогдсон 2027 оны төсвийн төслийг эдийн засагчид урд хожид байгаагүй өндөр алдагдалтай, хэт хөөсрөлтэй төсөл хэмээн уулга алдаж байна.
МАН Засаглаж эхэлсэн 2016 онд боогдсон 2017 оны улсын төсвийн орлого 7.9 их наяд байсан бол арван жилийн дараахь дүн ийнхүү 43.6 их наядад хүрснийг өнөөх нүүрсний гэх хэргийн 44 их наядтай холбоотой юу гээд асуучихад буруутахгүй байх. Эхнээсээ ч асуугаад эхэлсэн бололтой байна.
44 их наядын нүүрсний хулгай яригдах үед, 4 жилийн өмнө улсын төсөв 18.2 их наяд төгрөг байсныг уншигчид мэдэх биз. Х.Баттулга тэргүүтэй 18 хүнийг нэр цохон дуулиан тарьсан ч яллагдсан нь үгүй. Эцэстээ шоу, гүтгэлэг, Л.Оюун-Эрдэнийн зохиосон драм гэгдээд төгссөн.
УИХ-ын гишүүн Ө.Шижир ирэх оны төсвийн төслийн тухайд “Засгийн газраас өргөн барьсан 2027 оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 41 их наяд 280 тэрбум төгрөг, зарлага 43 их наяд 586 тэрбум байна. Хэмнэх биш үрээд өгье гэсэн, сонгууль угтсан төсөв байна. 12 жилийн өмнө, 2015 оны улсын төсвийг тухайн үеийн Засгийн газраас өргөн барихдаа тэнцвэржүүлсэн орлого 4 их наяд 29 тэрбум, зарлагыг 5 их наяд 218 тэрбумаар өргөн барьж байж. Харин өнөөдрийн 10 дахин тэлтлээ данхайсан орлого зарлага амьдралын чанар, худалдан авах чадварыг сайжруулсан уу, гар дээр буух цалин, тэтгэврийн орлогыг 10 дахин нэмэгдүүлж чадсан уу. Ахуй амьдрал 10 дахин дээшилж чадсан уу. Засгийн газар хэзээнээс төсвөө бодитой, зөв тооцоолж сурах вэ. Хэрэглээний үнийн өсөлтийг 2027 онд 8 хувь, 2028 онд 7 хувь, 2029 онд 6 хувь болж буурна гээд тооцож. Жил бүр ингэж бичдэг ч буурдаггүй, үргэлж өсдөг. Бодит амьдрал цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна” гэж жиргэсэн байгааг олон нийт олж уншсан байх.
Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын тайлбараар УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөл болон татварын шинэчлэлийн хүрээнд иргэдийн орлогыг хамж татварын дарамтыг нэмэгдүүлэх бус эсрэгээрээ ачаалал бууруулах, хөнгөвчлөх зорилготой гэж байгаа. Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх цалин, орлогод ХХОАТ ногдуулахгүй, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг 1 хувийн татвартай болгон 180 мянган аж ахуйн нэгжийг татварын дарамтаас чөлөөлнө. НӨАТ төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох тул 23 мянган жижиг компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хүндрэлээс ангижрахаас гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 хувийн өндөр шатлалтай хэсгийг 15 хувь болгосноор татварын ачаалал буурна зэрэг чухам чамин амлалт, постероор энэ Засгийн газар дүүргэж байгааг бодит тоотой уяж харах цаг болсон байх.
Дөрвөн жилийн өмнө 18.2 их наяд төгрөг байсан төсөв 43.6 их наяд буюу нүүрсний хулгайн гэх 44 их наяд төгрөгийн хэмжээтэй дүйж буй нь гарцаагүй анхаарах, анзаарах тоо мөн юм. Магадгүй энэ орлогыг шинээр татвар нэмэх замаар иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг хуу хамах заль мэх гэсэн өнцгөөс эхэлж харж тодруулахад ч буруутахгүй байж мэднэ.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт мөнгөний бодлогын хүүг өсгөж, эдийн засгийн хямралд Засгийн газрыг буруутгасан нь болчимгүй, бодлогогүй явдал биш байх.
Н.Учралын Засгийн газарт 2027 оныг үзэх хугацаа үлдээгүй байж мэднэ. Тэр ирэх оны төсвийн төслийг батлуулаад огцрохыг хэн байг гэхэв.
Төсвийн алдагдлыг татвар нэмэх замаар, ирэх сонгуулиудын өнгийг цалин тэтгэвэр нэмсэн алга ташилтаар намдаа нааж үлдээгээд явахад чамлахааргүй үнэ, голохооргүй санал сонсох хэрэгтэй. Тэр сонссон байх…
