Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл, үндэсний эв нэгдэлд цав суулгахуйц үг үйлдлийг хууль тогтоох дээд байгууллагын нэр бүхий гишүүн тасралтгүй гаргасаар байсны эцэст Төрийн тэргүүн тус аймагт ажиллахад хүрсэн юм биш биз.

Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үндэстэн хооронд өдүүлсээр байсан үг үйлдлийг таслан зогсоохгүй бол иргэний дайн өдөөх ч эрсдэлтэй байгааг нийтлэлийн эхэнд хэлэх нь зүй. Эрхэм гишүүнийг хандалтын төлөө улайрсан гэж харвал эндүүрэл болох байх. Хөндөж буй асуудлуудынхаа хүрээнд хууль санаачилж системтэйгээр шийдвэрлэх, шийдвэрлүүлэх боломж байсаар байтал сошиал орчинд олон нийтийн сэтгэлзүйг үндэстэн ястнаар талцах хүртэл залуурдана гэдэг үнэхээр эмгэнэл. Тиймдээ учир мэдэх иргэд хүртэл эцэстээ иргэний дайнд турхирсан зохион байгуулалттай ажиллагаа биш биз хэмээн сэрэмжилж эхэлсэн.

Эл сэрэмжилсэн өнцгөөс харвал казахуудыг үзэн ядах үзлийг монголчуудад суулгах хүсэл тэгвэл яг хэнд бий гэж гэх асуулт гарцаагүй үүснэ. Яг энэ асуултаар хариулт хайвал цахим орчин дахь эмх замбараагүйтэл, Төрийн ордон дахь казах монгол нэр бүхий гишүүдийн толхилцол тодорхой болж мэдэх л юм.

Уг нь М.Нарантуяа-Нара гишүүний эгдүүцээд буй асуудлуудыг хуулиар, дүрэм журмаар шийдэж болох байтал аль нэг үндэстэн, аль нэг ястан өндөлзөөд босч ирэхийг хүлээх мэт үргэлжлүүлсээр байх нь өөрөө сэжигтэй харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Үнэндээ хууль тогтоогч нь иргэний дайн хүсээд буй юм биш биз гэж хэлэх байтугай бодохоос ч эмээсэндээ олон нийт чимээгүй харж, хүлээзнэж суугаа байх.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрөгч хавар, 2026.04.20-23-ны өдрүүдэд Казахстан улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын тэргүүд ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийн 12 албан бичигт гарын үсэг зурсны дотор газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүдийг үзэглэсэн байдаг.

Ингэхдээ Казахстанаас газрын тос нийлүүлэх, тус улсын хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлагад тулгуурлан хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж, дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судлан, Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар тохиролцож байв. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахдаа Казахстаны туршлага, стандарт, аюулгүй ажиллагааны тогтолцоонд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтын орчныг судлах зэрэг ажлыг ч хамтран хэрэгжүүлэхээр болж хариуд нь Баян-Өлгий аймагт Казахстан улс Консулын газраа нээх санал тавьсныг уншигчид санаж буй биз. Казахстан улсаас Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулах санал тавьсан нь 10 гаруй жилийн өмнөөс дипломат шугамаар яригдаж ирсэн л асуудал.

Тэгэхээр хууль, дүрэм журмын хүрээнд шийдчихэж болох, засчихаж болох асуудлыг хэтэрхий удаан сунжруулж, эцэстээ үндэстэн ястнууд нэгнээ үзэн ядах, хавчин гадуурхахад хүртэл хэмлэлдүүлж буйн цаад шалтгаан Консулын газраас гадна газрын тос, цөмийн энергийн асуудал биш байгаа. Эдгээр салбарт Монгол Улс хөлөө олж, бусдын хараат байдлаас гарах нь хэн нэгэнд таалагдахгүй, хэн нэгний эрх ашгийг хөндөөд буй хэрэг биш биз?!

Ингэж харвал М.Нарантуяа-Нара гишүүн хэн нэгний өмнөөс дуугарч буй дуу хоолой болж харагдана.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын байгууллагаас шалгаж мухарлах л явдал.

Хууль санаачлах, эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах замаар шүүмжилж буй асуудлуудаа шийдэж болох байтал үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц, иргэний дайн өдөөхүйц үг үйлдэл гаргаж буйгаа эрхэм гишүүн ухамсарлахгүй байна гэж баймгүй.

Үндэстэн хоорондын толхилцол ингэтэл удаан үргэлжилж, эцэстээ Төрийн ордонд төрийн түшээд нь сөргөөцөлдөх хүртэл даамжирсан эл явдалд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болох Тагнуулын ерөнхий газар анхаарал тавьж, ажиллаж эхлэх учиртай. Хуулиар тогтоосон чиг үүрэгт нь үндэсний аюулгүй байдалд харшлах гадаад болон дотоод заналхийлэл, төрийн нууцтай холбоотой асуудал, эсхүл үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд ноцтой хохирол учруулж болзошгүй үйлдэл, нөхцөл байдлыг шалган тогтоох үүрэг байсаар байтал асуудлыг ужигруулснаас болж Төрийн тэргүүн баруун аймагт хүрч ажиллахдаа тулсан ч билүү, хэн мэдлээ.

Ямартай ч М.Нарантуяа-Нара байнгын ажиллагаатай парламентын гишүүний хувиар хууль санаачлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх зүйн бүрэн эрхтэй субьект.

Тэрбээр хөндсөн асуудалдаа хуулийн төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах хангалттай хугацаа өнгөрсөн.

Гэтэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн оронд хэрүүл тэмцэл өдүүлсээр байсны эцэст бөхчүүд, зарим инфлүүнзерүүд түүний үг үйлдлийг дэмжин дуу хоолойгоо илэрхийлээд эхэлсэн. Энэ бол аюул юм.

Бөхчүүд, хэвлэл мэдээллийнхэн казах иргэдийн эсрэг дуугарч эхэлсэн нь нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж мэдэх ноцтой хүчин зүйл. Тиймээс Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа гэдгээр халхавчлаад орхилгүй Тагнуулын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд шалгах л ёстой.

Монгол Улс болон Казакстан улсын төрийн тэргүүдийн албан ёсны хэлэлцээ ажил хэрэг болоход улсын дотоод дахь жижиг асуудлууд саад, шалтаг болох учиргүй бөгөөд улсын хөгжил, урагшлах замд саад бологчдод төр төмөр нүүрээ харуулах цаг ч нэгэнт болсон байх.

Бөмбөрцгийн бүх гүрэн хөгжиж байхад бид тэртээ зуундаа үлдчихээд шарил, шарилж яриад хэрэлдэж суух гутамшиг юм.