Монгол Улс болон дүүрэг орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын Ахмадын өдрийн мэндийг хүргэе!
Баянгол дүүрэгт 2026 оны 01-р сарын 01-ний өдрийн байдлаар:
Нийт 254,710 хүн байнга оршин сууж байгаагаас 31,195 ахмад настнууд бөгөөд нийт ахмадуудын маань 22,065 нь эмэгтэй, 9130 нь эрэгтэй байна.
Өнгөрсөн оны байдлаар дүүргийн хэмжээнд ажил, хөдөлмөр эрхэлдэг хүний тоо 101,512 болж өнгөрсөн оноос 10.6 хувиар /9690/ өссөн бөгөөд үүний 6.0 хувь нь ахмадууд байна.
 Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 200 гаруй ахмад настан хөнгөлттэй зээлд хамрагдах төсөл ирүүлснээс 30 нь шалгарснаар нийт 128 ахмад настан тогтмол ажлын байртай болж, орлогоо нэмэгдүүлсэн байна.
 Дүүрэг орон нутгийн зүгээс Ахмад настны эрүүл урт наслалт, хөгжлийг дэмжих төвийг 4 бүсэд буюу 4, 18, 25, 34-р хороонд, Ахмадын хөгжлийг дэмжих танхимыг 30, 33-р хороонд нээн үйл ажиллагаа явуулж байна.
 Энэ оны хагас жилийн байдлаар Ахмадын хөгжлийн төв болон бүсийн төвүүдээс үзүүлдэг 8–12 төрлийн үйлчилгээнд давхардсан тоогоор 35,000 орчим ахмад настан хамрагдсан байна. Мөн биеийн тамир, спортын чиглэлийн 135 мэргэжил, сонирхлын бүлэгт 1,200 гаруй ахмад настан тогтмол хамрагдлаа.
 Энэ оны эхний хагас жилд дүүргийн Ахмадын хорооны дэргэд мэргэжил сонирхлын 7 бүлгийг шинээр байгуулснаар урлаг соёлын чиглэлийн бүлгэм дугуйлангуудад 100 гаруй ахмад настан хуваарийн дагуу тогтмол хамрагдаж байна.
 Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар дүүргийн хэмжээнд ахмад настнуудын эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, журмын дагуу 3 түвшинд ангилан бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан ба I түвшинд 6978, II түвшинд 8147, III түвшинд 1612, нийт 15537 буюу нийт ахмадын 57,3 хувийг хамрууллаа.
 ОУ-ын Ахмадын өдрийг угтан Баянгол дүүргийн ЗДТГ, 1-34 хорооны ӨЭМТ-дтэй хамтран “Эрүүл насжилт-Эрүүл амьдрал” аяны хүрээнд үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж чаддаггүй 60-аас дээш насны ахмадуудыг хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дүүрэг орон нутгийн зүгээс ахмад буурлуудынхаа хөгжил, эрүүл мэнд, боловсролыг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болно.
Үр хүүхэд, өрх гэр, төр улсынхаа түшиг нь болсон эрхэм Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг ерөөе!
ХҮНДЭТГЭСЭН: Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч,
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.СУМЪЯАБААТАР