Сүүлийн өдрүүдийн үйл явдал, өрнөл бүрийн эффект нь У.Хүрэлсүхийг жигших, түүний эрх мэдэл хаанчлал хэр хэмжээг давсан гэх ойлголтыг олон түмэнд бялхтал өгч байх шиг байна. Олон түмэн гэдэгт МАН-ын мянга мянган гишүүд ч тоологдоно. Тэдэнд суусан ойлголтыг богино хугацаанд залруулах бараг боломжгүй, залруулъя гэвч маш ихийг төлөх биз. Хорин шарыг хоёрхон хулгана мэрчихлээ гэдэг шиг түүний энэ хүртэл туулж босгосон бүгдийг хэвлэлийн албаны дарга гэх залуу ганцаараа нураачих шиг боллоо. Тэр хэмжээ хязгаараа барьсан бол, тэр баар караоке, заал завхралыг хэдхэн жил тэвччихсэн бол энэ бүхэн өөр байх байсан ч билүү хэн мэдлээ. Бидний мэдэх том гүрнүүдийн төрийн тэргүүдийн хэвлэлийн албаны дарга болон хэвлэлийн төлөөлөгчид байтугай У.Хүрэлсүхээс өмнөх Ерөнхийлөгчдийн хэвлэлийн албаныхан хэмжээ заагаа мэдэхгүй караокед ганихарч, эргээд түүндээ ороогдон унаж явсан удаагүй байх. Харамсалтай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албаны дарга гэх нөхөр алба амь ялгалгүй байсны балаг өнөөдрийн байдалд хөтөлсөн гэчихэд сүйдтэй буруутгал болохгүй биз.
1991 оноос МАХН-д элсэж Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан цагаас хойш 30 гаруй жил улстөрийн тогоонд чанагдсан У.Хүрэлсүх улстөрийн түүхэнд нударга зангараг хоёроор тулж явснаас бус хэн нэгнийг шүүх цагдаагийн үүд сахьтал, цагдан хоригдтол гомдож туньж яваагүй байх.
Одоо харин олон нийт түүнийг Херо Б.Баатарт, сэтгүүлч Т.Шинэбаярт гомдсондоо Шүүх Прокурорт нөлөөлөн хориуллаа гэлцэж байна.
Б.Баатарын асуудал тусдаа, хүрээ хязгаар нь хэтэрхий том байх. Харин сэтгүүлчид хамаарах үйл явц хардахуйц, урьдчилж зурж бэлтгэсэн маш сайн сценари шиг харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Учралын айлчлалд багтсан явдлыг нь байж боломгүй үйлдэл мэт сошиалд шидэж, бөмбөг мэт дамжуулан боргоосны эцэст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман улсад хийх төрийн айлчлалд багтаах боломжгүй болсныг, ингэхдээ нэр бүхий сэтгүүлчээс айж байна гэх тайлбартайгаар хэвлэлийн албанаас нь Т.Шинэбаяр сэтгүүлч рүү шөнө оройн цагаар ярьж бухимдуулсан зэрэг явдлыг албаны, ажил хэргийн харилцаа, шийдвэр байсан гэж харахад хэтэрхий учир дутагдалтай юм. Хувийн хаягаараа хийсэн лайв бичлэгийн үеэр сэтгүүлчийн өөрийнх нь хэлснээр Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга ажлын цаг дууссан шөнө оройн цагаар залгаж дээрх шийдвэрийг дуулгасан гэдэг өөрөө ноцтой юм. Тухайн хэвлэлийн албаны дарга нь Т.Шинэбаяр сэтгүүлчийг шүүмжлэгч, гутаан доромжлогч нэр бүхий нөхөдтэй хамт байх үедээ түүнтэй ярьсан юм биш биз, тэр эдгээр асуудалд тодорхой хэмжээгээр оролцоотой байхвий зэрэг олон хардлага үүсч буй нь үнэн. Тэрбээр характер, харизм өндөртэй сэтгүүлчийг Ерөнхийлөгч рүү ноцуулах сценарид санаатай санамсаргүйн алин болох байдлаар холбогдсон байхыг хэн байг гэхэв. Өдгөө цагдан хоригдчихоод буй сэтгүүлч Т.Шинэбаяр нь удаа дараа хийсэн шууд дамжуулалтдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганоригийг бүлэглэл хооронд ажилладаг, женко бүлэглэлийн гар хөл нэгэнт болсон хэмээж байсны учир юу юм бол… Түүний хардаж байгаачлан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харлуулах акцыг дотроос нь хийж эхэлсэн бол яахав?! Бодох, шалгах л асуудал.
Аливаа гэмт хэрэг ойрын хүрээнд л үйлдэгддэг шүү дээ. Дэргэдээс урваж, дэргэдээс хулгайлдаг нь үнэн.
Түүнээс бус У.Хүрэлсүх нь үнэхээр хаан болчихсон бол, энэ улсыг шоронжуулчихсан бол өөр рүүгээ боргож буй ноход бүрийг гинжилж, цагдан хорьчихмоор. Гэтэл бүлэглэлийн гол тоглогчдыг хориулчихаагүй байгаа хүн сэтгүүлзүйн талбарт үзэл бодлоо илэрхийлж явдаг чөлөөт уран бүтээлч эмэгтэйг хориулж, цагдуулна гэдэг юу л бол… Ингэхдээ У.Хүрэлсүх рүү бус Х.Баттулга руу ноцсон өдөрт нь, “Би женкочдын гар хөл болохгүй” гэж эгдүүцсэн өдрийн шөнө хорьчихдог нь ямар учиртай юм бол?!
Сонирхолтой л юм.
Энэ бүхэнд У.Хүрэлсүх холбоогүй гэх өнцгөөс харах гээд үзье. Тэгвэл түүнийг хэмжээлшгүй эрхт хаан болсон, одоо л эрх мэдлийг нь тасчин зогсоох хэрэгтэй гэх дүр зураг хэнд хэрэгтэй юм бол?! Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох энэ өдрүүдийн өмнө, цаашлаад дараагийн Ерөнхийлөгчид горилогчийг сонгоход У.Хүрэлсүхийн нөлөө суларсан, тэр тэнэг иван болж намын гишүүддээ жигшигдсэн байх нь хэн нэгэнд хэрэгтэй юү? Басхүү энэ өдрүүдэд түүний дүү У.Отгонбаяр тойрогтоо ажиллаад ирэхтэй давхцаад зүүн хязгаарт, дархан цаазат газарт автомашин шатаж гал түймэр дэгдсэн нь тохиолдол гэж үү. Шалгах л хэрэгтэй байх.
Ирэх наадмын өмнө У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Үндсэн хуульд заасны дагуу зургаан жилийн хугацаанд ганц удаа Төрийн тэргүүнээр сонгогдоод дахин нэр дэвших эрхгүйгээр өрөөгөө суллаж өгнө. Гэхдээ тэр тэтгэвэрт сууж титэм үг тэрлэхгүй байх. Тэр Н.Багабанди шиг зожиг нэгэн биш. Түүнд бүлэглэл бий, тэр хэрээрээ өс хонзонт нөхөд ч олон байх.
Тэгэхээр түүнийг улстөрөөс үдэх сонирхол нэгээр тогтохгүй фракцид бий гэчихэд эндүүрсэн болохгүй.
Ямартай ч үг үйлдэл нь ил сэтгүүлч цагдан хоригдлоо. Эффект нь херо Б.Баатарыг цайруулж, Ерөнхийлөгчийг харлуулж харагдуулна. Үүнийг Ерөнхийлөгчийн рейтинг асар доошилж дөнгөж 25% хүрэхтэй үгүйтэй байгаа судалгаанаас харж болох байх. Тэгвэл энэ бүх үйл явдал эсрэг талд зурагдсан сценарийн дагуу явагдаж байна гэж харвал сэтгүүлч эмэгтэй хэзээ суллагдах бол. Тэр хотын намын хорооны даргыг сонгох хурлын өмнө суллагдаад тэр чигтээ Төрийн тэргүүнийг буруутган гомдоллох нь л эсрэг талд хэрэгтэй юм биш биз. Үгүйсгэх аргагүй л юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг У.Хүрэлсүх эрх мэдлээрээ далайлган шийдвэрлэлээ гэсэн өнгөрсөн хугацааны мессежүүд энэ өдрүүдэд идэвхжих байх. Сөрөг хүчин болоод бусад бүлэглэл энэ мэт мессежийг ашиглахгүй байна гэвэл тэнэг хэрэг болох биз. Тэрчлэн төрийн тэргүүний нэр төр иргэний нэр төрөөс яагаад ялгаатай байх гэж гэсэн өнцгүүд ч хүчтэй явах нь зайлбаргүй.
Үнэн хэрэгтээ У.Хүрэлсүхэд хуулийн байгууллагыг зангидсан хүч, нөлөө бий эсэх нь юу л бол. Түүнд гэхээсээ Я.Содбаатарт ийм хүч бий гэчихвэл үнэнд дөхүү болох байх.
Ерөнхийлөгчийн хаусууд хэмээн чичирч байсан нөхөд болсон болоогүй тайлбар аваад сэдвээ хаячихсан байгааг анзаарч буй биз. Тэд Хэвлэлийн албанаас нь хийсэн болхи тайлбарыг цаг нь ирэхээр дахин гаргаж таарна. УЛСТӨР юм хойно, яалтай.
Үргэлжлэл бий…
