Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин “Мобиком корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.
Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.